Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын Их Хурал 2020 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний хуваарь” болон Засгийн газрын 2020 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 3 дахь хэсэгт иргэний мэдэх эрхийг хангах асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан зохицуулахаар тусгасан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг гэсэн хэсэгт “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт, хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх гэсэн хэсэгт “харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг тус тус нэмэхээр тусгасан гэж танилцуулгад дурдсан байв.
Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйл буюу Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй.” гэж, “18.5 Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, “18.6 3асаг дарга иргэний энэ хуулийн 18.5-д заасан хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.” гэж, “18.7 Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.” гэсэн заалтыг тус тус нэмж Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлсэн гэж төсөл санаачлагчид үзжээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, төсөл санаачлагч нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэний мэдэх эрхийг хангах зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүй гэж үзсэнийг дурдаад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувь нь дэмжсэн гэж байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс нөхөн сэргээлт хийх шаардлагатай нийт газар нутгийн талаар судалгаа хийсэн эсэх, хуулийн төсөлд харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах хугацааг хэрхэн зохицуулсныг илүүтэй лавлаж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай эвдэрч сүйдсэн 30 мянга орчим га талбай бий. 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ 8 га талбайг нөхөн сэргээх асуудлыг тусгасан. Үүнтэй холбогдуулан Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй хамтарч эхний ээлжид 2300 орчим га талбайг нөхөн сэргээх гэрээ хийгээд ажиллаж байгааг онцлов. Мөн тэрбээр хуулийн төсөлд байгаль орчны төлөв байдлын мэдээллийг тусгаж, иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахтай холбоотой асуудлыг тухай бүрд нь мэдэгдэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг хугацаа зааж, хязгаарлаагүй гэв.
Ингээд хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Д.Адьшаа нар байр сууриа илэрхийлсний дараа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: parliament.mn