Турах гэж зовж байгаа хүүхдээ харахад танд мэдээж хэцүү байгаа. Та нэгэнт л эцэг, эх нь болсон хойно хүүхдэдээ туслах, ялангуяа гутарсан үед нь сэтгэлээр дэмжихийг хүснэ. Тэгвэл, илүүдэл жингээсээ болоод өөрийн ирээдүй, эрүүл мэнддээ санаа зовон шаналж буй хүү, охиноо дэмжин туслах хэдэн арга бий.
Хэрэв та хүүхдийнхээ жинд санаа зовниж байгаа бол юуны өмнө мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагаас буюу өрхийн эмч, эсвэл хүүхдийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй. Тэд танд хүүхдээ цаашид хэрхэн дэмжиж туслах талаар зөвлөхөөс гадна, таны хүүхдэд шаардлагатай алив үйлчилгээнүүдийг санал болгож чадна.
Хүүхдээ бүү зэмлэ
Өөрсдийнх нь зан үйлээс болон тэднээс шууд хамааралгүй олон шалтгаанаар хүүхэд таргалж болно. Тэдгээр шалтгаанууд ихэнхдээ маш нарийн төвөгтэй, олон хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг. Илүүдэл жинтэй хүүхдийг ялгаварлан гадуурхах, хочлох, дарамтлах үзэгдэл нийтлэг тохиолдоно. Хүүхдээ тарган гэж хэрхэвч зэмлэж болохгүй. Харин яагаад таргалах болов гэдгийн уг шалтгааныг олж тогтоохыг хичээ. Уг шалтгааныг нь ойлгож мэдсэнээр хүүхдэдээ туслахад илүү хялбар байх болно.
Хүүхэд насны таргалалт нь удамшил, бага насандаа өртсөн аливаа таагүй үр дагавар болон тэдний өсөж буй орчны нөлөөллөөс үүдэлтэй байдаг. Эрүүл бус өөх тос, чихрийн өндөр агууламжтай, илчлэг ихтэй, хямд, бэлэн хоол хүнсний түлхүү хэрэглээ, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг давамгайлсан орчинд идэж, тоглож, сурч өссөн хүүхэд таргалалтад илүүтэй өртдөг. Ер нь, жин нэмнэ гэдгийг, өөрийн өсч буй хэвийн бус орчинд хүүхдийн бие махбодын үзүүлж буй жам ёсны хариу үйлдэл гэж ойлгож болно. Түүнээс гадна, хүүхдийн эрүүл бус хооллолт нь сэтгэл гутрал, залхалт, эсвэл сэтгэл түгшилт, уй гунигаа дарах хүслээс үүдэлтэй байх нь бий.
Ямар нэг шүүмж хэлэлгүйгээр хүүхэдтэйгээ зүгээр л харилцан ярилц
Юу ч болж байсан та үргэлж дэргэд нь байж тусалж дэмжинэ, өөрийг нь ямар нэгэн байдлаар шүүмжлэлгүйгээр хэзээд сонсоход бэлэн гэдгийг хүүхэд тань мэддэг байх нь хамгийн чухал.
Хүүхдийнхээ дэргэд хүнийг болоод өөрийгөө ямар нэг байдлаар хочлох, ялангуяа биеийн жин, хэлбэртэй холбоотой ямарваа нэг ёжилсон, егөөдсөн үг хэллэг хэрэглэхээс ямагт зайлсхий. Энэ үйлдэл чинь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид хортойгоор нөлөөлөхийн зэрэгцээ, тантай илэн далангүй ярилцах хүслийг нь үгүй хийж орхидог.
Тухайн хүнийг зовоож буй асуудлыг (жиш. илүүдэл жин) бус хүнийг эн тэргүүнд тавьж буйгаа ярилцагчдаа эхэлж ойлгуулах нь илэн далангүй яриа өрнүүлэх чухал угтвар нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, тэр хүний тарган байгаа нь гол биш харин хүн гэдэг нь хамгийн чухал, түүнтэй хүнлэг ёсоор харьцах ёстой гэдгийг тодорхой ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь, “Илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүн” гэж ярь. Хэзээ ч тарган хүн, илүүдэл жинтэй хүн гэж ЯРЬЖ БОЛОХГҮЙ .
Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, биеийн хэлбэр байдлынхаа талаар өөрөө юу гэж бодож байгааг нь эвтэйхэн олж мэд. Хэрвээ таны хүүхэд өөрийн биеийн жингийн талаар сөрөг үзэл бодолтой байгаа бол яагаад тэгж бодож байгааг нь олж мэдэхийг хичээ. Анхааралтай сонс. Санаа зовоож буй асуудлыг нь бүү үгүйсгэ, ач холбогдлыг нь бүү бууруул. Хэрэв таны хүүхдийг хэн нэг өөр хүүхэд, эсвэл насанд хүрсэн хүн илээр болон цахимаар дарамталсан бол уг асуудлыг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ ав.
Өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь сэргээ, биеийн жинтэй холбоогүй бусад сайн чанаруудыг нь магт. Жишээ нь “Хүүгийнхээ сурлагаар аав нь үнэхээр бахардаг”, эсвэл “Чи дүүдээ үнэхээр халамжтай сайн ах шүү” гэж хэл.
Эрүүл яриа өрнүүл
Эрчимтэй цахимжиж буй өнөөгийн нийгэмд, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц биеийн жингийн талаар улиглан давтсан нийтлэлүүд, эрүүл бус хооллолтыг уриалан дэмжихээс эхлээд хүүхдэд чиглэсэн эрүүл бус, түргэн хоолны сурталчилгаа гм олон төрлийн аюул занал нэмэгдсээр байгааг мартаж болохгүй.
Сэтгэцийн эрүүл мэндийн талаар, түүнчлэн өөрийнх нь сайн сайхан амьдрал, өөрийн гадаад үзэмжийг үнэлэх үнэлэмжид цахим орчин хэрхэн нөлөөлж буй талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах эрүүл, таатай орчныг бүрдүүлэхэд гол анхаарал тавь.
Биеийн жингийн талаар хүүхэдтэйгээ яриа өрнүүлэхийн тулд дараах аргуудыг ашиглаад үз
- Тэдний бодол санааг мэдэхийн тулд асуултыг нээлттэй байдлаар тавь (“Чи юу гэж үзэж байна?” эсвэл “Сургуулиар чинь сонин сайхан юу байна ?” гм) .
- Харилцан итгэлцлийг бий болгохын тулд, өөрт чинь итгэж бодол санаагаа илэрхийлсэнд нь хүүхдэдээ таларх.
- Эрүүл хооллох, эрүү жинтэй байх нь амар биш, гэхдээ эрүүл байх нь маш олон талын ач тустай гэдгийг хүлээн зөвшөөр.
-
Дэмж, эерэг бай
Эрүүл зан үйлийг дээдэл
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тусгайлан зөвлөөгүй л бол, жин хасахад бус “эрүүл мэнд, эрүүл амьдралын зорилго”-д гол анхаарлаа хандуул. Эрүүл хооллолт, биеийн идэвхтэй хөдөлгөөнийг нэг шөнийн дотор төлөвшүүлэх мэдээж боломжгүй. Эдгээрийг удаан хугацааны амьдралын хэв маяг болгохын тулд та болон таны хүүхдээс ихээхэн хүчин чармайлт, уйгагүй хичээл зүтгэл шаардана. Хүүхдийн хоол хүнс, амьдралын хэв маягийг ямар нэг байдлаар огцом, ноцтойгоор өөрчлөх нь төдийлөн үр дүнтэй байж чаддаггүйн дээр, хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар үүсгэж ч болзошгүй. Иймд, өөрчлөлтийг багаар эхэлж, улмаар эрчимжүүлэн, бүх гэр бүлийн гишүүдийг хамруулбал илүү үр дүнтэй болно.
Үлгэр дуурайл үзүүлэх гол хүн бол та өөрөө юм. Жимс, хүнсний ногоо гм шим тэжээллэг, боловсруулалт хийгдээгүй хоол хүнсийг сонгон хэрэглэж, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дээдэлж, сайн унтаж амарч, өөрийн болон бусдын биеийн жингийн талаар сөрөг зүйл ярихаас зайлсхий.
Өөрөө хэвийн жинтэй байсан ч гэсэн, эрүүл амьдралын хэв зуршлыг өөрөөсөө эхлэн хэрэгжүүлж хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүл. Өөр өөр бүлгийн хүнсийг гэр бүлээрээ сонирхон хэрэглэ. Эрүүл хооллохын тулд ямар төрлийн шимт бодисуудыг түлхүү хэрэглэх ёстойг сурч мэдэх хэрэгтэй. Тэдгээр хүнс бусад хүнснээс юугаар илүү ач тустай болохыг харилцан ярилц.
Давс, чихэр, өөх тосны өндөр агууламжтай хэт боловсруулсан хоол хүнс, ундааны хэрэглээг аль болохоор хязгаарла. Хориглох тусам хүүхэд улам дурлах эрсдэлтэй тул тэдгээр хүнсийг бүрэн хориглохоос зайлсхий. Ихэнх бэлэн хүнс нь өөх тос, чихэр, давс ихээр агуулсан байх тул өлсөж байгаа үед тус болох нь ховор. Оронд нь, хэрчиж бэлтгэсэн жимс, хүнсний ногоо, энгийн тараг гм хөнгөн, өег, эрүүл хоол хүнсийг өргөнөөр бэлтгэж хэрэглэ. Жимсний чихэрлэг ундааны оронд усны хэрэглээг нэмэгдүүлж, гэрт байлгах хүнсний бүтээгдэхүүн, ундааны сонголтод ул суурьтай ханд.
Гэр бүлээрээ хамтдаа хоолло
Хоол хийхэд аль болох гэр бүлээрээ оролцохыг хичээ. Хоол бэлтгэх цаг бол эрүүл хүнсний сонголт хийх, эрүүл хооллолтын талаар ярилцах сайхан боломж юм. Хүүхдэд тохирсон хэмжээгээр хоолыг нь аягалж өг. Цадаагүй, ахиж идэхийг хүсвэл нэмж өг. Хоолны болон хөнгөн хоолны цагуудыг тогтоо. Ингэвэл хүүхэд хэзээ хооллох ёстойгоо мэдэж авна. Хүүхдийг өдрийн турш зогсоо зайгүй хивсэн хүн болгож болохгүй.
Хөдөлгөөнөөс зугаа цэнгэлийг ав
Агаар салхинд гэр бүлээрээ гарч, идэвхтэй хөдөлгөөн хий. 3–с дээш насны хүүхэд өдөрт дор хаяж нэг цаг биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай ба энэ хугацааг 15-20 минутын зайтай хэд хэдэн удаа үргэлжлэхээр зохицуулж болно. Бага насны хүүхдийн хувьд чоно тарвагацах, бөмбөг тоглох нь илүү тохиромжтой байдаг бол харьцангуй том хүүхэдтэй, гэр бүлийн явган аялал хийж, эсвэл ямар нэг спортоор хамт хичээллэж болно. Боломжтой бүх нөхцөлд, автомашин, бусад тээврийн хэрэгслээр аялахаас аль болохоор зайлсхийж, алхах, дугуйгаар явахыг хичээгээрэй. Орон нутгийн болон сургууль дээрх спортын секц дугуйланд хамрагдах нь хүүхдийг хөдөлгөөний дутлаас сэргийлэхээс гадна үе тэнгийнхэнтэйгээ танилцаж холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эрүүл амьдралын хэв маяг биеийн жингээс илүү чухал
Биеийн жинд бус, гэр бүлийн бүх гишүүдийг хамарсан эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын зан үйлийг бий бий болгоход гол анхаарлаа хандуул. Ингэснээр хүүхдийнхээ эрүүл чийрэг бие хүн болон өсөж, хүмүүжих боломжийг бүрдүүлж, тэдний дархлааг бэхжүүлэн, сэтгэл санааны тогтвортой байдлыг нь хангаж чадна. Энэ бүхнийг бүрдүүлж чадвал хүүхдийг насанд хүрсэн хойноо эрүүл бус хоол хүнс, хооллолттой холбоотой аливаа эмгэгт өртөхөөс сэргийлнэ.
Санаж яваарай
Хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, эрүүл мэндийг дэмжих хамгийн зөв арга бол ямар ч үед та хэзээд хүүхдийнхээ талд бат зогсоно гэдгээ тэдэнд ойлгуулах явдал байдаг. Эрүүл хооллолтыг сонгох, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь тэдний хувьд хялбар бус гэдгийг та ч гэсэн ойлгох хэрэгтэй. Гэхдээ, эрүүл хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний идэвхтэй байх талаар гэр бүлийн бүх гишүүдийн гаргаж буй хүчин чармайлт, түүнд үзүүлж буй дэмжлэгээс таны хүүхэд зөвхөн жингээ хаяад зогсохгүй, амьдралын хэв маягаа зөв, эерэг, эрүүл чиглэлд өөрчлөх урам зоригийг авдаг гэдгийг бүү мартаарай.
Эх сурвалж: UNICEF MONGOLIA