Авьяас гэдэг ген юм. Тэр генийг илрүүлж, яаж хөгжүүлэх вэ гэдэг өөр асуудал. Түүний тулд хүн өөрийгөө танин мэдэх хэрэгтэйг олон алдартан, эрдэмтэн судлаач хэлсэн байдаг. “Зууны мэдээ” сонин энэ цагийн монголчуудын оюун санаа, авьяас чадвар юунаас эх ундаргатай вэ, бид өөрсдийгөө хэрхэн нээж, ямар замаар явж байгааг онцлон харуулах “Удмын бахархал” буланг нээж байна.
Анхны зочноор БНМАУ-ын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай театр, киноны жүжигчин, “Алтан” хэмээн түүхэнд мөнхөрсөн Цагааны Цэгмид агсны ач хүү Төмөрбаатарын Анарыг урьсан юм.
-Нэрт жүжигчин Цагааны Цэгмид агсны гурав дахь үеийн төлөөлөл урлагт зүтгэж яваа бас нэгэн бахархал юм. Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү, олон кинонд тоглож, мөн найруулагчаар ажилласныг монголчууд мэддэг ч, өөрийн чинь тухай тодорхой мэдээлэлгүй. Иймд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1978 онд Дархан хот /одоогийн Дархан-Уул аймаг/-д төрсөн. Тухайн үед ээж аав минь хотод ажилтай байсан болохоор би эмээ дээрээ өссөн. 1984 онд Дарханы Мэргэжилтний 20 гэж байсан сургуульд зургаан настай орж, хоёрдугаар ангидаа монгол сургууль руу шилжсэн. Техникийн их сургуулийн лицейд Х анги төгсч, Барилгын материалын технологийн мэргэжил эзэмшсэн. 2003-2008 он хүртэл барилгын салбарт инженерээр ажилласан. 2009 оноос кино урлаг руу орсон.
Дархан-Уул аймгийн Тээврийн цагдаагийнхан авто замын тухай сургалтын кино хийхдээ надад тоглооч гэж хүсэлт тавьсан. Тэд аав, авга ах хоёрыг тоглуулахаар болсон байсан юм билээ. Ингэж би анх кинонд тоглосон нь “Зам” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны кино байсан. Түүнээс хойш кино багийнхантай найз нөхөд болж, олон кинонд тоглох санал хүлээж авсан. “Чонын алтан шагай”, “Хувь тавилангийн ээдрээ”, хамгийн том аз завшаан бол “Улаан эрэг” түүхэн кинонд гол дүрд тоглосон.
Ямар ч уран бүтээлчийн хувьд түүхэн кинонд тоглоно гэдэг том үүрэг хариуцлага байдаг. Маш их хичээл зүтгэл шаарддаг, мэргэжилдээ өсөх боломж олддог учраас хүн болгон мөрөөддөг. Миний хувьд тухайн үед мэргэжлийн бус байсан ч олон киноны туслах гол дүрд тоглосон.
Тэр бол монголчуудын хэлдгээр зөн билгийн, тухайлбал далд ертөнцөөс өвөөгийн минь харсан хүлээсэн юм байж магадгүй. Орчин цагт авч үзвэл хүсч мөрөөдөж байсан зүйл минь биеллээ олсон болов уу. Ямартай ч нэлээд олон кинонд тоглосон, одоогоор 14-15 кино байна.
-Урлагийн боловсролыг хаана эзэмшив. Ямар бүтээлүүд гаргав?
-Эхний хэдэн кинонд тоглосны дараа 2012 оны үед аав, авга ах хоёр минь надад “Хүн удмаа дагаж, цусанд байгаа зүйлдээ итгэж найдаад явж болно. Гэхдээ миний хүү хажууд чинь байгаа тэр олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл, зүтгэлийг бодож, хүндэлж үзэхгүй байхын арга байхгүй шүү.
Тэр хүмүүс яах гэж 4-5 жил , цаашлаад 6-7 жил кино урлаг болоод тайз, дэлгэцийн сургуульд сурч, өнөөдөр түүнийхээ хүчийг гаргах гээд явж байхад чи харах хандах хүнтэйдээ юм уу, эсвэл өөрт заяагдсан өгөгдөл, хувь тавиланд найдаж амжилттай яваад байж болохгүй. Тиймээс тэр амжилт, бүтээлийг тодотгож, заавал номыг нь сурах ёстой.
Тэгж байж чи тэр хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, хандлага нь чам руу зөв болж ирнэ. Заавал сургуульд сурах хэрэгтэй” гэсэн. Ингээд би 2013 оноос СУИС-ийн тайз, дэлгэцийн найруулагчийн ангид Энхбаяр багшийн удирдлагад суралцаж төгссөн. Түүнээс хойш кинонд тоглохоос илүү найруулагчаар ажиллаж эхэлж байна.
Анхны бие дааж найруулсан бүтээл бол “Сүүн замын сахиул” кино. Сая Дархан-Уул аймагтаа очиж хайр дурлалын сэдэвт “Хэнзхэн” хэмээх эмгэнэлт драмын бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн. Найруулагчаар сурч төгссөнөөс хойш хоёрдугаар найруулагчаар олон бүтээлд ажилласан.
“Замбуулин дуусах болоогүй” олон ангит кино, Ц.Хүсэлбаатар ахын нэлээд олон кинонд ажилласан, хамгийн сүүлд Ж.Жамъянсүрэн найруулагчийг дагаж нэлээд бүтээлд ажиллалаа. Сүүлд “Хөхөө” киног нь хамт өлгийдөж нээлтээ хийлээ. Одоо сэтгэхүйн драм маягийн арт чиглэлийн томоохон бүтээл хамтарч хийхээр төлөвлөөд байна.
-Хувь тавилангийн сорилтыг хүүхэд байхдаа туулжээ. Ц.Төмөрбаатарын төрсөн хүү гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Аав минь 1978 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсч Дарханы “Залуучууд” театрт хэсэг ажилласан юм билээ. Намайг төрснөөс хойш 3-4 жилийн дараа ээж Дарханд амьдарна гэж, аав хотод амьдарна гэсэн юм уу, залуу хүмүүс хоорондын зөрчлөөсөө болж хоёр тийш болсон гэдэг. Ингээд би ээжийнхээ ээж дээр, эмээгийн дэргэд өссөн.
Түүнээс хойш ээж аав хоёрын хэн нь ч харагдахгүй, би бүрэн утгаараа эмээгийн хүүхэд болсон. Нэгдүгээр ангид ороод ээжтэйгээ хамт амьдрах болсон. Хоёрдугаар ангид ордог жил ээж шинэ байраар шагнуулж манайх орон сууцанд орж байлаа. Дөрөвдүгээр ангид байхад аав минь нэг удаа ирж, би төрсөн эцгийгээ мэддэг болсон.
Түүнээс өмнө намайг өсгөсөн хойд эцгийгээ л аав гэж дуудаж өссөн. Хойд аав минь Н.Нэргүй гэж сайхан залуу, сайн хүн байсан, олон жилийн өмнө бурхан болсон. Надад зааж зөвлөдөг гол хүн байж, би ч тэр хүнд талтай, хайртай байсан даа. Гэхдээ хүн юм хойно төрсөн эцэгтээ илүү байлгүй яах вэ, тэр зүг тэмүүлэлгүй яахав.
Дөрөвдүгээр ангид байхад аавыг ирэхэд хойд эцэг маань хүлээн авалт хийж, тэр хэд ширээ тойрч сууцгаагаад юм ярьж байсан. Намайг хичээлдээ явах гэж байхад дуудаад “За миний хүү одоо том болсон юм чинь ойлгох байх. Чиний төрсөн эцэг энэ хүн байгаа юм” гэж танилцуулж байлаа. Тэр үед монголчууд бүх юмыг үйлдвэрлэдэг байжээ. Хүүхэд болгон өмсөхийг хүсдэг дотоодын үйлдвэрийн цагаан гутал байсан юм.
Аав минь тэр гутлыг барьчихсан намайг үнсч билээ. Ер нь би аав, ээжийн буянд юмаар дутаагүй, хоёр сэхээтний дэргэд өссөнийх сурлага, хүмүүжлээр үеийхэн дотроо тэргүүн эгнээнд явдаг хүүхэд байлаа. Түүнээс хойш аав минь дандаа ирээд байгаагүй ч цөөнгүй удаа уулзсан. Миний хувьд Х ангиа төгсөөд мэргэжлээ сонгохоор аавыгаа зорьж очиж байлаа.
-Яагаад шууд жүжигчин бололгүй хожуу урлагт хөл тавих болов?
-Өвөө, аав, авга ах маань жүжигчин болохоор тэр үү, би яагаад болохгүй гэж бодсон ч юм уу, би тэр үед “Жүжигчний ангид орвол яах вэ” гээд ааваасаа асуусан юм. Тэр бол 1994-1995 оны үе, зах зээл эхэлж урлаг, соёлын салбар уналтад ороод байсан цаг. Театрууд жүжигчингүй болж хаалгаа барих шахаж, хошин урлаг жаахан гайгүй явж байсан. Аав минь намайг “Ийм цагт урлагаар явах дэмий.
Миний хүү сурлагатай юм чинь толгойгоо ашиглаад сурч байгаа мэргэжлийнхээ чиглэл рүү ор, инженер бол. Цаашдынхаа амьдралыг бод” гэсэн. Ингээд би жүжигчин болоогүй. Тухайн үед аав ч мэдэж байсан юм байлгүй, тэнгэрээс өвөө ч харж байсан болов уу, энэ нөхрийг жаахан юм үзүүлж, амьдрал таниулж байж дагуулъя гэсэн ч юм уу. Би урт зам туулж, нэлээд хожуу кино урлагт орж ирсэн.
Амьдралд үзсэн, харсан, таньж мэдсэн бүхэн сайн муу нь хамаагүй хожим кино урлагт орж ирэхэд асар их дэм, туршлага, мэдлэг болж хуримтлагдсан гэдгийг би маш сайн ойлгосон. Кино өөрөө хүний амьдралыг л харуулдаг шүү дээ. Аль болох амьдралд ойр байх тусмаа, зовлон жаргалын аль алиных нь үнэ цэнийг мэддэг байх тусмаа тэр киноны дүр, найруулга, дотоод үйл ажиллагааг мэдэрдэг болдог юм билээ.
-Өвөөгөө хэр мэдэх вэ?
-Аав минь долоон нас хүрээгүй, авга ах Оёгоо маань / Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг/ долоо, найман сартай үлдсэн гэхээр би өвөөгөө яаж сайн мэдэх билээ. Гэхдээ Монголын ард түмний оюун санаа, урлагийн алтан санд бүтээсэн дүр, бий болгосон өөрийн өв сан, үр хүүхдүүддээ үлдээсэн захиас сургааль нь мөнх сэрүүн, амьд халуунаараа түүх домог болж үлдсэн байна.
Ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн байхад үр хойч нь болсон би мэдэхгүй байна гэж юу байх билээ. Өвөөг Булган, Сэлэнгэ хоёр “манайх” гэж булаацалддаг, ном сурвалжид Булганы Хөх бууц гэдэг газар төрсөн гэсэн байдаг. Хаа төрж өсөх нь хамаагүй, Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бахархалт хүн байж, тэр хайр хүндлэлийг нь өнөөдөр аав, авга ах, авга эгч нар маань үргэлжүүлэн эцгийнхээ нэр хүндийг эрхэмлэж, хичээж өдий зэрэгтэй амьдарч ирсэн болов уу.
Би гурав дахь үеийн төлөөлөл, урлагт бий болгосон замаар нь замнаж яваагийн хувьд тэр нэр хүндийг нь унагахгүй байх, түүнийг дааж явахад асар өндөр хариуцлага, мэдлэг чадвар шаардагддаг юм байна. 1963 онд өвөөгийн шарилыг УДЭТ-аас авч гарсан гашуудлын цувааны түрүүч Алтан-Өлгийд очиж байхад төгсгөл нь ягаан байшингийн өмнөх талбайгаас тасраагүй байсан гэж ярьдаг юм билээ. Тухайн үед 40 мянгатаас хоёр “Чайка” гардаг байсан.
Хар “Чайка” нь Ю.Цэдэнбалын, цагаан нь Цагааны Цэгмидийнх байсан гэлцдэг. Тэгэхээр өвөө минь ямар нэр хүндтэй, чадвартай, авьяаслаг хүн байж вэ гэдэг мэдрэгдэнэ. Тэр болгоныг энд “Манай өвөө тийм байсан” гэж дурдаад яах вэ. Тэртэй тэргүй олон түмэн мэднэ. Аав, авга ах хоёрын тухай ч гэсэн энд яриад яах вэ, монголчууд мэднэ, тиймээс товчилъё.
Монголын ард түмэн үнэлэлт, дүгнэлтээ аль эрт өгчихсөн шүү дээ. Том оргилууд, миний , бидний суралцаад дуусахгүй том сургууль. Миний хувьд аав, авга хоёртойгоо хэд хэдэн кинонд хамт тоглосон. Хамгийн гол зүйл миний хувьд эцэг өвгөдийнхөө, удмынхаа нэр хүндийг өндөрт өргөж явах л чухал.
-Өнөөдөр Монголын урлагт ургаж нахиалсан Цагааны Цэгмидийн “Ургийн мод” гэвэл өтгөн саглагар болсон биз ээ?
-Тэгэлгүй яах вэ. Авга эгч маань СУИС-ийн төгөлдөр хуурын багш, концертмейстр Ц.Уртнасан гэж хүн бий. Хүү нь Агар гэж жүжигчин, найруулагч бий, Цагааны Цэгмид гэж хүний ууган зээ. Эхнэр нь мөн жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Ойролцоо нэртэй болохоор тэр үү, үеэл ах бид хоёрыг зарим хүн андуурдаг.
Авга ах Ц.Төмөрсүх балетчин, УДБЭТ-ийн балетмейстр. Ц.Төмөрхуяг ахын том хүү Т.Сайнхуяг кино зураглаач, охин Т.Алтансувд нь СУИС-ийг төгссөн жүжигчин мэргэжилтэй. Урлагт зүтгэж байгаа энэ олон хүмүүсийн үргэлжлэл болж, удмынхаа нэр хүндийг өргөж явна гэдэг амаргүй бөгөөд хэцүү юм байна.
Би ухаан суусан цагаас Цагааны Цэгмидийн үргэлжлэл гэсэн том “даруулга” дор өсөж, төлөвшсөн. Баар саванд ороод найзуудтайгаа ууж идэж, сул чөлөөтэй бүжиглээд байж болохоо байчихдаг юм билээ. Бухимдлаа гээд хүмүүс гадаа гудамжинд гараад тэнхээгээрээ хашгираад уужирчихдаг бол би тэгж чаддаггүй.
Үр хүүхдүүддээ ярих яриа, гэр бүлдээ харилцах харилцаа хүртэл өөр болдог юм байна. Заавал хянаж, дарж явахгүй бол болохгүй. “Чи бол тийм хүний үр удам шүү” гэхээр том даруулганд орчихдог юм байна лээ.
-Дөрөв дэх үеэс урлагт гарч ирж байгаа хүн бий юу?
-Зургаан настай хүү минь кино урлагийн хүн болно гэж одооноос өөрийн ирээдүйг төсөөлж, эхнэр бид хоёр ч тэр чиглэлд нь анхаарч, хөгжүүлж байна. Би өмнөх амьдралаас нэг охинтой. Их авьяаслаг, бүр жаахнаасаа 4-5 кинонд тоглосон, одоо 13 настай. Жүжигчин болно гэж ярьдаг юм, харин би найруулагч болгоно гэж боддог.Яагаад гэвэл эмэгтэй хүн нарийн мэдрэмжтэй, найруулагч байвал илүү тохирох юм шиг санагддаг. Тэгэхээр Цагааны Цэгмид гэж хүний дөрөв дэх үе урлагт гарч ирнэ гэсэн үг.
-Удмын тухай Монголын залууст, манай уншигчдад хандаж юу хэлэх бол?
-Юуны өмнө “Удмын бахархал” буланд урьж ярилцсан танай хамт олонд талархал илэрхийлье. Мөн анхны зочноор уригдсандаа баяртай байна. Удам гэдэг асар том утга, нэр төр, сэтгэлзүй, гүн ухаан шингэсэн үнэт зүйл. Монголчууд хэлдэг дээ “Удам муутыг усан дотроос ч түймэр авна” гэж. Энэ айхтар үг шүү.
Монголын ард түмний дунд хэвшсэн гурван үеийн намтар, түүхийг нь заавал судалдаг, тэгж байж амьдрал зохиодог гэх мэт зүйлүүд удамтай зайлшгүй холбогддог. Улс орныхоо тулгуур нь байдаг өрх гэр бүлийн сайн сайхан нь удамтай холбоотой юм. Та бүхний эхлүүлсэн энэ булангийн нэр асар том утгатай, гүн агуулгатай юм. Удмын бахархалыг хэрхэн авч явах нь тухайн хүний хүмүүжил, боловсрол мэдэх хэрэг байх.
Хүн удмаа сайн дээдэлж, удмынхаа нэр төрийг өндөр өргөж, сайн сайхан авч явах хэрэгтэй. Өнчин өрөөсөн байсан ч гэсэн удмынхаа нэр төрийг авч явах хэрэгтэй. Түүний тулд заавал боловсрол эзэмших шаардлагагүй, гол нь нийгэмдээ зөв байж, өөрийн төлөө, ардаа үлдэх үр хойчийнхоо төлөө зөв амьдарч, ухаантай, соёлтой, зөв байхыг залуучууд маань өөрсдөө эрэлхийлж, түүн рүү зорьж амьдраасай. Удмын бахархалаа зүлгэж, тордож, хичээгээсэй. Монгол гэдэг нэрээ хүндэлж хайрлаж яваарай гэж залуус, дүү нартаа захиж хэлье.
-Цагааны Цэгмид 1905 онд Түшээт хан аймгийн Хүдэр харуул сумын нутаг Хөх бууцанд мэндэлсэн. Жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байсан ч долоон настайдаа хүндээр өвдөхөд нь Цэгмид болгож өөрчилжээ.
-Эх Манджав нь хожим Харуулын Цагаанбандитай гэр бүл болсноор түүгээр овоглон Цагааны Цэгмид гэгдэх болжээ.
-Ц.Цэгмид нас биед хүрч 1924 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат Дувааны Долгоржавтай гэр бүл болж, таван хүүхдийн ээж, аав болсон.
-1932 онд Төв театрын дагалдан жүжигчин болж насан эцэслэх хүртэл ажиллажээ. 1963 онд түүнийг нас барахад “Шарай голын гурван хаан” жүжгийн Цасчихэр баатрын өмсгөлтэй нь Алтан-Өлгийд оршоожээ.
-Гэргий Д.Долгоржав нь ханиасаа хойш хүүхдүүдээ загнаж, зэмлэхийн алинд ч “Та нар Цагааны Цэгмидийн хүүхдүүд шүү” хэмээн сургаж ирсэн гэдэг.
-1941 онд Монгол Улсын гавьяат цол хүртсэн тэрбээр БНМАУ-ын Ардын жүжигчин цол 1942 онд анх бий болоход хүртсэн анхдагч бөгөөд Монголын ард түмэн “Зууны шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр санал нэгтэй сонгосон байдаг.
-Том хүү Ц.Төмөрбаатар нь Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат жүжигчин, бага хүү Ц.Төмөрхуяг нь Монгол Улсын гавьяат жүжигчин болсноор нэг гэр бүлээс гурван хүн төрийн дээд шагнал хүртсэн анхны тохиолдлын эзэн болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин