“Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулганд төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлын талаар санал хэллээ.
Увс аймгийн Түргэн сумын байгаль хамгаалагч Д.Банди “Бүсийн нэмэгдэл байгаль хамгаалагчдад хэрэггүй. Эсвэл бүсийн нэмэгдэл аль ч газарт адилхан байвал болно. Байгаль хамгаалагчид бүгд хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажилладаг учир ялгавартай бүсийн нэмэгдэл хэрэггүй.
Илүү цаг, томилолт, хээр, шөнийн нэмэгдэл олгох хэрэгтэй. Автомашин техник хэрэгслийн хувьд их хүндрэлтэй байдаг. Өөрсдийн унаанд албаны бензин хийж явдаг. Байгаль орчин аялал жуулчлалын газрын харьяа байгаль хамгаалагчид сүүлийн 10 гаруй жил автомашингүй ажиллаж байгаа.
Тусгай хамгаалалттай нутгийн байгаль хамгаалагч нарт төр засаг илүү анхаарал хандуулдаг. Янз бүрийн хөтөлбөрт хамрагддаг. Харин бид нарт 10 гаруй жилийн өмнө өгсөн цэнэг авдаггүй цахилгаан бороохой, сумгүй буу бий.
Байгаль хамгаалагч гэдэг бол олон эзэнтэй нэг зарц гэсэн үг. Бид аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын ЗДТГ, ИТХ, багт харьяалагддаг. Бид хашаа барьж, мод тарьж, чулуу зөөж, түймэр зогсоож, цас малтаж, ангаа хамгаалдаг. Хийхгүй ажил гэж байдаггүй.
Орон нутгийн орлогыг бид давуулдаг. Ингэсний дараа хууль ярьдаг. Ой, ан, уснаас олсон орлогын тэд орчим хувийг байгаль хамгаалах нөхөн сэргээхэд ашиглана гэдэг. Гэтэл үнэндээ ярьж байгаа нь огтхон ч хэрэгждэггүй. Бид нарт 20, 10 литр бензин л олддог. Бидний хувцас бүгд нэг өнгө, загвартай байвал болмоор байна.
Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг гэж суманд байгуулагдаад олон жил болж байгаа. Уг тасагтай зэрэгцээд сум байгаль хамгаалах сантай болсон. Гэтэл одоо энэ сангийн мөнгө эргэж олдохгүйгээр уур амьсгалыг хамгаалах сан гээд юунд зарцуулагдаж байгаа нь мэдэгддэггүй. Өмнө нь орж байсан орлогыг буцаагаад орон нутгийн байгаль хамгаалах санд оруулдаг болгомоор байна” гэв.