БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёр жил гаруй цахимаар суралцсан хүүхдүүд танхимаар хичээллэж эхэллээ. Энэ шийдвэрийн гаргахдаа эрсдлийг хэрхэн тооцсон бэ?
-Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээ нээхийн тулд бид олон асуудалтай тулгарсан. Эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэж энэхүү шийдвэрийг гаргасан. Хичээл эхлэх болсон гол шалтгаан нь вакцинжуулалт гэж ойлгож болно. Тиймээс багш нараа хамгийн эхэнд дархлаажуулсан. Мөн 12-15 насны сурагчдын I, II тунг бүрэн хийхэд анхаарсан. Харин энэ улирлын амралтыг долоо хоног сунгасан нь мөн л эрсдэлээс хамгаалсан хэрэг. Учир нь энэ сарын эхээр монголчуудын уламжлалт цагаан сарын баяр тохиосон. Яг энэ үеэр өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэх өндөр эрсдэлтэй байсан учир хичээл эхлэх өдрийг хоёрдугаар сарын 14 болгож хойшлуулахаар тогтсон.
-Хоцрогдолоо нөхнө гээд байнга давтлага өгөөд байвал сурагчид болон багш нарт ачаалал ихээр нэмэгдэнэ дээ?
-Багш болон сурагчдад ачаалал ихсэх нь тодорхой. Гэхдээ үүнээс өөр зам байхгүй. Тиймээс аль болох бага ачаалал өгөхөөр зохицуулалтуудыг хийх болно. Үүнд эцэг эхийн оролцоо их чухал.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн багшид найдаад орхимооргүй байна. Аль болох ямар хичээл их хоцрогдолтой байгааг анзаарч, багштай нь холбогдож, хамтарч ажиллах хэрэгтэйг сануулъя.
-Хоёр жил гаруй гэртээ байсан сурагчдад сэтгэл санааны хувьд хүндрэлтэй олон асуудал байна гэсэн судалгаа гарсныг харсан байх. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэл гутралд орсон, ганцаардсан, сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон гэсэн судалгаа бий. Ялангуяа хоёр болон гуравдугаар ангийн сурагчдын хувьд хамгийн хүндрэлтэй байна. Багшийгаа танихгүй, ангийнхныгаа хараагүй, бараг сургууль дээрээ ч очиж үзээгүй нэг үе бий болчихоод байна. Тиймээс бид энэ хичээлийн жилээс төрийн өмчит сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулахаар төлөвлөж байна.
-Теле хичээл хэр үр дүнтэй байсан бэ. Телевизүүдтэй цагийн төлбөрийн асуудлыг хэрхэн тохиролцсон бэ?
-Цар тахлын хувьд хүүхдүүдэд мэдлэг олгох хамгийн хүртээмжтэй арга нь теле хичээл байсан. Нийт хүүхдийн 80 хувьд нь хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Тиймээс Монголын телевизүүдийн холбоотой хамтарч ажилласан. Манай телевизүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар нэгэн урьдчилгаа, төсөв мөнгө нэхээгүй. Харин ч хичээлүүдээ хуваарилаж аваад Боловсролын хүрээлэн, Багшийн хүрээлэнтэй хамтраад теле хичээлийг зохион байгуулсан.
-Тэгэхээр теле хичээлд ямар ч төсөв зарцуулаагүй гэж ойлгож болох уу?
-Тухайн телевизийн сэтгүүлч, зураглаачдын өдрийн хоол болон шатахууны зардал гэж хоёр удаа л багахан хэмжээний мөнгө олгосон. Түүнээс илүү төсөвлөж тараасан зүйл огтхон ч байхгүй. Засгийн газрын цар тахалтай холбоотой гаргасан тогтоолд арилжааны телевизүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд теле хичээлийг үнэ төлбөргүй цацна гэсэн заалт бий.
-Medlee.mn виртуал сургуулийг ажиллуулна гэлээ. Дахиад л байгаа байхгүйн ялгаа, цахим донтолт боловсролын салбарт хүнд асуудал болохоор сонсогдож байна?
-Цахим болон танхимын хичээлийг хослуулахаас өөр аргагүй. Дэлхий тэр чигээрээ цахимд шилжиж байна. Бид ч үүнтэй хөл нийлүүлэн алхах учиртай. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт, багш хүрэлцэхгүй байгаа сумдад хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлахгүйн тулд цахим хичээлийн сонголт хийхээс өөр замгүй. Жишээлбэл, англи хэлний багш хүрэлцэхгүй үед виртуал сургуулиараа бид үүнийг нөхөх боломжтой.
Мөн алс хол Ховдод сурдаг хүүхэд Монголын хамгийн мундаг математикийн багшийн хичээлийг гэрээсээ үзэх боломж бүрдэнэ. Химийн хичээлээр шалгалт өгөх гэж байгаа хүүхэд шилдэг багш Цэцэгдарийн хичээлийг судлана гээд олон давуу талтай гэж харж байна.
-Гар утас, цахим сүлжээ байхгүйгээс шалтгаалж олон хүүхдийн сурах эрх алдагдсан. Зарим захын хороололд гар утас битгий хэл тог цахилгаангүй айл ч олон байна шүү дээ?
-Гар утас интернэтгүй гэсэн шалтгаанаар Монгол Улсын хэмжээнд 183 мянга гаруй хүүхэд цахим хичээлд хамрагдаж чадаагүй гэсэн тоо гарсан. Зөвхөн Улаанбаатарт 40 мянган хүүхэд цахимаар хичээлээ үзэж чадахгүй байна. Энэ нь боловсролын салбарт тэгш бус байдлыг үүсгэж байгаа нь үнэн. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтарч энэ асуудлыг багахан ч болов шийдэх гэж хичээж ажиллалаа. Мөн бид өнгөрсөн хугацаанд гурван тэрбум төгрөгийн зардлаар бүх сургуулийнхаа интернетийн хурдыг гурав дахин нэмсэн.
-Цахим орчин, интернетийн асуудлаар яамны хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж ажиллах байгууллага байна уу
-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Мобиком”, “Юнител” компаниуд болон “JCI” залуучуудын байгууллагийн санаачлагаар компьютер, гар утасгүй хүүхдүүдэд ашигласан гар утас, компьютер өгөх сайн дурын аяныг өрнүүлж байна. Үүнийг бид цаг үеэ мэдэрсэн хамгийн хэрэгтэй, цаашлаад уламжлал болохоор сайн аян гэж харж байгаа.
-Хүүхдүүд асуудлаа шийдчихдэг юм байна. Харин багш нарынхаа хэрэглээг хэрхэн хангаж байна?
-Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Багш нарынхаа цахим хэрэглээг хангахгүйгээр цахим хичээл орж байна гэж хүний нүд хуурч болохгүй. Тиймээс энэ оны төсөвтөө нэг хүүхдийг сургахад хувьсах зардлыг нарийн гаргаж байна. Сургуулиуд дээр мэдээлэл зүйн кабинетуудыг шинэчлэх зардлыг шийднэ. Бүх багш нартаа компьютер авч өгөхөд 140-160 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй учир үе шаттайгаар хэрхэн шийдэрлэх вэ гэсэн замыг судалж байна.
-Яамны төсвийг шилэн биш байна гэсэн шүүмжлэл их гарах боллоо?
-Манай төсөв шилэн байгаа. Энэ он бол Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн жил. Тийм учраас нэг хүүхдийг сургахад зориулсан хувьсах зардал яг тухайн сургуульдаа багшдаа,хүүхэддээ, орчиндоо зарцуулагдаж чадаж байна уу гэдгийг л нарийн хаянадаг болъё гэж төлөвлөж байна.Тиймээс үр дүнд суурилсан санхүүжилтйн тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.
-Одоогоор цахим шилжилтэд хэр хэмжээний төсөв зарцуулаад байна?
-Энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Эхлээд сургуулиудынхаа шилэн кабелийн хурдны асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Энэ асуудалд жил бүр гурван тэрбум төгрөг зарцуулсаар ирсэн. Тиймээс хүүхдүүд ямар интернетийн хурдаар хичээлээ үзэх вэ, багш нар ямар датагаар хичээлээ заах вэ гэдгийг хүртээмжтэй хэлбэрээр шийдэхийн тулд төрийн сүлжээний компани операторуудтай нээлттэй хэлэлцээр хийж байна.
-Өмнө нь бол багш цахимаар хичээл заахын тулд өөрийн халааснаас дата эрхээ авдаг байсан. Энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Энэ жилийн хувьсах зардлын нэг томоохон өөрчлөлт нь багш нарын халааснаас гардаг байсан хичээл практикийн зардал буюу дата авах зардлыг хүүхдийн хувьсах зардлаас багш нарт олгодог болж байгаа. Ингэснээр багш нарт ч сэтгэл амар хичээлээ зааж, ажиллах таатай нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.
-Дэлхийн банкнаас сургуулиудад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж сонссон?
-Дэлхийн банкнаас өнгөрсөн хугацаанд нийт сургуулиуд дээр хоцрогдол арилгахтайгаа нийлээд 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингээд нийт 14.2 тэрбум төгрөгийг хоцрогдол арилгах болон цахим хичээлийн зардалд төсөвлөөд ажиллаж байна.
Эх сурвалж: