Барууны хориг арга хэмжээнээс сэрэмжилсэн Оросын банкууд бэлэн мөнгөний импортыг нэмэгдүүлжээ. Санхүүгийн шинжээчид ОХУ-ын банкууд валют импортлох дээд амжилтыг онцолж эхэлсэн бөгөөд тэдний тооцоогоор банкууд 4.97 тэрбум ам.долларг бэлнээр татсан гэж “Известия” сонин мэдээлжээ. Энэхүү 4.97 тэрбум долларын дэвсгэрт 50 тонн жин татаж байгаа аж.
Оросын зээлийн байгууллагууд барууны хориг арга хэмжээнээс айж байгаа нь бэлэн бус төлбөр тооцоонд хүндрэл учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Үүнээс өмнө импортын хэмжээ дунджаар хоёр тэрбум орчим ам.доллар байжээ. Банкууд цар тахлын үеэр буюу 2020 оны гуравдугаар сарын сүүлчээр тус улсад их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирж байжээ.
Украины зүүн хэсэгт байдал хурцадсантай холбогдуулан барууны орнууд Оросыг олон улсын төлбөрийн систем SWIFT-ээс салгаж, ОУВС-гийн санд нэвтрэх эрхийг хаана хэмээн сүрдүүлж байгаа юм. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга, Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр хэлэхдээ, Украинд халдлага үйлдсэн тохиолдолд Орос өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй хориг арга хэмжээ авна гэсэн байгаа. Нэнси Пелосигийн хэлснээр Оросын эсрэг тавих хязгаарлалтууд хангалттай олон байх гэнэ.