Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 километр төмөр замын төслийн доод бүтцийн газар шороо, ухмалын болон үер ус хоолойн барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний ангиудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ажлаа эхлээд байна.
Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 226.3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 километр буюу 318 километрээр дөт болж, түүхий эд, бараа материалыг тээвэрлэх тээвэрлэлтийн зардал буурч, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөж өндөртэй бүтээн байгуулалт болон хэрэгжих юм” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.