Нью-Йорк мужийн дээд шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний насанд хүрсэн хоёр хүүхдийг Трамп байгууллагын үйл ажиллагааны эсрэг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудалд мэдүүлэг өгөхийг үүрэг болгожээ. Шүүгчийн шийдвэр хоёрдугаар сарын 17-ны пүрэв гаригт гарсан талаар Associated Press агентлаг мэдээлжээ.
Д.Трамп болон түүний хүү Дональд Трамп, охин Иванка нарын зарлан дуудах хуудсыг хүчингүй болгох тухай хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, 21 хоногийн дотор тангараг өргөөд байцаалт өгөхийг даалгажээ.
Өнгөрсөн долдугаар сард Нью-Йоркийн прокурорууд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын мэдлийн “Трамп Байгууллага”-ын Санхүү хариуцсан захирал асан Аллен Вайссельбергийг татвараас зайлсхийсэн хэргээр ялласан билээ. Прокурорын мэдээлснээр Вайссельберг болон Трамп Байгууллага нь 2005 оноос хойш хууль бусаар удирдах албан тушаалтнуудын тэтгэмж, тухайлбал орон сууц, машин, хамаатан садандаа хувийн сургуульд сургах зэрэг ажиллагаанд 1.7 сая доллар зарцуулжээ. Энэ хэрэгт прокурорууд Трампыг буруутгаагүй ч түүнийг энэ хэрэгтэй холбоотой хэд хэдэн чекэд гарын үсэг зурсан тухай мэдэгджээ.
Нью-Йоркийн Ерөнхий Прокурорын газар 2019 оноос хойш Трамп Байгууллагыг шалгаж байгаа юм. Өмнө нь Манхэттэн дүүргийн прокурор Сайрус Вэнс Трампын төрийн хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлэхийн тулд түүнийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм.
Вэнсийн оффис Трампын татварын тайланг багтаасан сая гаруй хуудас баримт бичгийг судалж байгаа. Энэ хэргийн мөрдөн байцаалтад Летитиа Жеймс тавдугаар сард нэгджээ. Гэвч Ерөнхийлөгч асан энэ бүгдийг “улс төрийн зорилготой хавчлага” хэмээн мэдэгдээд Манхэттэн дүүргийн прокурорын мөрдөн байцаалтыг улс төрийн “шуламны ан” гэж нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX