Б.Цагаанцоож
Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь, маргалдагч талуудыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм хэмээн тайлбарладаг. Эвлэрүүлэн зуучлалыг сүүлийн үед АНУ, Австралийн олон нийт, хуульчид өргөнөөр хэрэглэж байгаагаас гадна Азийн орнуудын шүүхийн практикт эрчимтэй нэвтэрч байгаа ажээ. Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг Монгол Улсын Дээд шүүхээс Японы Засгийн газарт өргөн барьснаар 2009 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болж байжээ. МОНЦАМЭ
Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас санаачилсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийг боловсруулах ажилд хүчин зүтгэж ирсэн юм. 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан байна. JICA
Энэхүү хууль нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх шүүхийн бус аргыг хэрэглэх эрх зүйн үндсийг бий болгосон. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчим, арга, хэлбэр, онцлог шинжид тулгуурласан хэм хэмжээг агуулсан хэдий ч тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагааны зарим зохицуулалт хийгдээгүй, зарим ажиллагааг хэт ерөнхийлөн заасан зэрэг дутагдалтай тал бий. Энэ ч үүднээс Хууль зүй дотоод хэргийн яаман дээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгээс хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж гаргах бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүнээс 94893 өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэн байна. Эдгээр өргөдөл, нэхэмжлэлийн 63635 буюу 68.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан байна.
Нийт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 94893 өргөдөл нэхэмжлэлийн 71500 өргөдөл нэхэмжлэл буюу 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 472 өргөдөл, нэхэмжлэл буюу 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 23521 өргөдөл, нэхэмжлэл буюу 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээр иргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгосноос гадна, шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулсан ач холбогдолтой аж. Шүүхий Ерөнхий Зөвлөл