…Гадаад эдийн засагт дараах 3 төрлийн эрсдэл тулгараад байна. Эхний эрсдэл бол Ковид-19 цар тахал хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй, мутацид орсон цар тахлын шинэ тохиолдлууд бүртгэгдэж хүн амын эрүүл мэндэд хохирол учруулсаар байна. Дараагийн эрсдэл бол улс орнуудын мөнгөний зөөлөн бодлогын үр дүнд үнийн өсөлт буй болж байна. Гурав дахь эрсдэл бол гадаад өрийн асуудал хүндээр тавигдаж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж нийлүүлэлтийн сувагт доголдол гарсан, ажиллах хүчний хомсдол үүссэн мөн дэлхийн зах зээл дээрх гол тоглогчдын дунд үүссэн үл ойлголцол зэргээс шалтгаалж түүхий эдийн үнэ сүүлийн 8 жилийн дээд түвшиндээ хүрсэн. Мөн улс төрийн нөхцөл байдал, ОПЕК-ийн орнуудын шийдвэртэй холбоотойгоор нефтийн үнэ өмнөх онуудтай харьцуулахад хурдацтай өссөн. 2022 оны хувьд зэсийн үнэ харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байгаа бол нүүрс, нефтийн үнэ одоогийн байгаа үнээс 4-5 хувиар буурах төлөвтэй байна.
Нефтийн үнийн өндөр өсөлт нь ирэх оны эхний хагас хүртэлх үргэлжлэх хүлээлттэй байна. Манай улсын хувьд хэрэглээний шатахууныг импортолдог тул нефтийн үнэ буурахгүй өндөр байх нь хэрэглээний үнэд сөргөөр нөлөөлөх юм.
Харин экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр оны эхний хагаст тогтвортой байх нь экспортын орлогоор дамжин валютын орох урсгалын нэмэгдүүлэх боломжтой харагдаж байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн тодорхой бус байдал нь дэлхийн зах зээл дээрх алтны үнийг өндөр түвшинд хадгалсаар байна.
Эх сурвалж: ikon.mn