Б.ЦАГААНЦООЖ
Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгч” компаниудын дуулиан үргэлжилж байна. Өчигдөр (2022.02.10) АТГ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг Вилла” хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн хуулийн байгуулалтын хязгаарлалт тогтоосон учраас иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа тухайн хөрөнгө нь банкны барьцаанд байгаа эсэх, хуулийн байгууллагууд хязгаарлалт тогтоосон эсэхийг нягтлах хэрэгтэйг анхааруулсан юм.
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн дунд орон сууцны хороолол барьж байгуулж байгаа цөөнгүй компани бий. Гэвч АТГ-ынхан “Гантиг Вилла” хотхоноос өөр орон сууцнууд нь банкны барьцаанд байгаа зээлдэгчдийн нэрийг зарласангүй. Тэд Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр найдваргүй зээлдэгчдийн барьцаанд байгаа хөрөнгийг мэдээлэх боломжтой гэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй хэмээн заасан байдаг. Улсын Ерөнхий Прокурорын газар нь Монгол Улсын Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулалцдаг гол байгууллагын нэгний хувьд иргэдийнхээ хөрөнгийг хамгаалах, эрсдэлд оруулахгүй байх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Найдваргүй зээлдэгчид компаниудын дунд Төрийн орон сууцны корпораци, Бэрэн групп, Эрэл групп зэрэг орон сууцны барилгаар дагнасан, иргэд өнөөдөр ч явж очоод захиалга хийн, эрсдэлд орчихоор газрууд жагсаж байгаа. Тиймээс УЕП газар “Найдваргүй зээлдэгч” компаниудын барьцаанд байгаа хөрөнгийг зарлаж, иргэдийнхөө өмчийг хамгаалж, тэднийг эрсдлээс хамгаална уу!