Украины хямралаас болж ОХУ-ын нийлүүлэлт тасалдвал шингэрүүлсэн хийн нөөцөөсөө Европ руу шилжүүлэхэд бэлэн байна гэж Японы Засгийн газар мэдэгдсэн талаар NHK мэдээлжээ. Тус улсын Засгийн газар АНУ-ын хүсэлтийг хүлээн авсныхаа дараа ийм шийдвэр гаргасан тухай мэдээнд дурдагджээ.
Гэхдээ Японы тал ямар төрлийн хийг нийлүүлэх тухай болон нийлүүлэлтийн хэмжээ, нийлүүлт хийх боломжит хугацаа зэргийг шийдээгүй байна. Засгийн газар албан ёсны шийдвэрээ лхагва гаригт зарлах бололтой хэмээн NHK мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаа Украины эргэн тойронд нөхцөл байдал хурцадсан тохиолдолд ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээг багсаж магадгүй хэмээн болгоомжилж байгаа бөгөөд хамгийн том хийн экспортлогчдод хандаж, Европ руу нийлүүлэлт хийхийг уриалж байгаа талаар Bloomberg өмнө нь мэдээлж байсан юм.
Тухайлбал, Жо Байдены Төрийн департаментын эрчим хүчний аюулгүй байдлын зөвлөх Амос Хочштейн тэргүүтэй баг Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улсуудтай хэлэлцээр хийж байгааг Bloomberg дамжуулж байсан бол Цагаан ордон мөн Катар, Нигери, Египет, Ливи зэрэг байгалийн хийн үйлдвэрлэгчид болон Алжирт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас Украины эргэн тойронд байдал хурцадвал олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсээд байгаа билээ.
Брюссель ОХУ-аас авдаг байгалийн хийн экспортын хэтийн төлөвт санаа зовж байгаа энэ үед Европын холбоо, АНУ болон бусад улс орнуудтай Европт хий нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байна гэж Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мөн мэдэгдэж байв.
Гэвч “Газпром”-ыг байгалийн хийн импортын талаарх өмнөх гэрээг зөрчиж магадгүй гэсэн болгоомжлолыг Москва үгүйсгэж, ОХУ үргэлж эрчим хүчний найдвартай ханган нийлүүлэгч байсаар ирсэн гэдгийг сануулсаар байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX