Хүйтний улирал цаашилж, хаврын урь айсуй. Үүнтэй зэрэгцэн арьс арчилгаандаа илүү анхаарах цаг иржээ. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хаврын салхи, хуурайшилт бол арьсаа хайрладаг хүн бүрийн асуудал билээ. Тиймээс та бүхэнд хаврын улиралд арьс арчилгаандаа мартаж болохгүй 5 үйлдлийг зөвлөж байна.
- Нүүр будалтаа нимгэрүүл
Бид дулаан орохтой зэрэгцэн хувцасаа нимгэлж улиралдаа тохируулж хувцаслах нь гарцаагүй. Үүнтэй адил нүүр будалтаа ч мөн илүү хөнгөн бүтэцтэй BB cream, cushion сонгохыг зөвлөж байна.
- Нарнаас хамгаалах тосоо үргэлж түрх
Дэлхийн хойд хагаст нарны эгц тусгал улам ойртож дулаан орохын хэрээр нарны туяа бидний арьсанд илүү нөлөө үзүүлдэг. Тиймээс дулааны улиралд SPF, PA-ийн хувь өндөртэй нарны тосыг сонгоорой.
- Арьсаа маш сайн гуужуул
Гуужуулагч бол бидний арьсыг шинэхэн толигор болоход хамгийн тустай бүтээгдэхүүн билээ. Хаврын улиралд байгаль дэлхий сэргэхтэй зэрэгцэн бидний арьсны солилцоо аажмаар ихэсдэг. Энэ үеэр долоо хоногт 2-3 удаа арьсаа гуужуулах хэрэгтэй.
- Хангалттай сайн чийгшүүлэх
Чийгшүүлэх үйлчилгээтэй тос, маск түлхүү хэрэглэж өвлийн турш хуурайшиж, ядарсан арьсаа шагнаарай. Арьсандаа чийгшил өгснөөр тослогжих, батгаших, хуурайших гэх мэт арьс арчилгааны асуудлууд шийдэгдэх болно.
- Арьсаа оношлуулж ямар бүтээгдэхүүн хэрэгтэй, хэрхэн арчлах талаараа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах
Арьс бол биеийн хамгийн том эрхтэн билээ. Бид өөрсдөдөө тохирох бүтээгдэхүүнийг хэн нэгний зөвлөгөө эсвэл бүтээгдэхүүний сурталчилгаанд найдан сонгох нь эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.