Зам, тээврийн салбараас байгаль орчин, зэрлэг амьтад тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Монгол-Оросын ХХН УБТЗ, Байгаль зэрлэг, амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран ажиллаж төмөр замын торыг хэсэгчлэн авч нүүдлийн замыг чөлөөлөх төслийг “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр 2019 онд хэрэгжүүлж эхэлсэн.
Дээрх төслийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлж зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өргөн сумын нутагт хамаарах хоёр байршил газарт нийт 1,2 км торыг хэсэгчлэн ажил хийгдэж байна. Тус төслийн үйл ажиллагааг үр дүнд хүргэж, зэрлэг амьтдын төмөр зам хөндлөн нэвтрүүлэх, гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн үйл ажиллагааг тасралтгүй ажиллагааг хангахад хамтран ажиллах зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Өргөн сумын Засаг дарга Ц.Мөнхдаваа, Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин, Монгол-Оросын ХХН УБТЗ-ын дарга Х.Хэрлэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү арга хэмжээнд Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, УБТЗ-ын харьяа Замын 4-р анги, АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, Байгаль орчны хэлтсийн төлөөлөл, “Оюу толгой” ХХК, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн төслийн багийнхан болон аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өргөн, Эрдэнэ сумдын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.