Токиогийн олимпын наадмыг 13 телевиз шууд дамжуулсан боловч паралимпыг нэг ч телевиз нэвтрүүлээгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгаж, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-д комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Зөвлөмжид “Паралимпын тоглолт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломж, чадвар, хүсэл, эрмэлзлийг олон нийтэд ойлгуулан таниулах, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой дэлхий нийтийн чухал арга хэмжээ юм.
“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д заасны дагуу Токио-2020 паралимпын тоглолтыг нэвтрүүлэх талаар өргөн нэвтрүүлэг эрхлэгчид хүчин чармайлт гаргасан эсэхэд ХХЗХ онцгой анхаарч, хяналт тавих ёстой байв. Энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх зүйн байдлыг дордуулж, олон нийтийн мэдэх эрх хангагдахгүйд хүргэсэн байж болзошгүй” гэж дүгнэж дараах арга хэмжээ авахыг зөвлөсөн. Үүнд:
- Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ыг мөрдөж байгаа эсэхэд тавих хяналтаа сайжруулах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нэвтрүүлэг, хөтөлбөрийг түгээхийг дэмжих, шаардах;
- Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид 2022 оны өвлийн паралимпыг наадмыг ялгаварлалгүй дамжуулахад чиглэсэн боломжит бүх арга хэмжээ авах;
Зөвлөмжийн дагуу ХХЗХ-оос 2021 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд биечлэн очиж, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмын талаар сургалт зохион байгуулж, сургалтын үеэр дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэг бэлтгэн хүргэх үүргийг тусгайлан тайлбарлаж, төлөвлөлтийг ирүүлэх хугацаа өгч, телевиз нэг бүрээс шаардаж төлөвлөлтийг гаргуулж байна.
2022 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилтийн нэгдсэн тайланг гаргаж судалгааны хамт холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр төлөвлөж байна.
Тус зөвлөмжийн дагуу ХХЗХ-оос паралимпын наадмыг ялгаварлалгүй дамжуулахад анхаарч, холбогдох талуудад бичиг хүргүүлэн зөвлөмжийн талаар мэдэгдэж, боломжит арга хэмжээг хэрхэн авах талаар судалж ажилласан байна.
Монголын телевизүүдийн холбоо өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд Токио 2020 олимпын наадмын үеэр паралимпын наадам дамжуулаагүй шалтгаан, саад бэрхшээл гарсан эсэх, өвлийн паралимпын наадмыг ялгаварлалгүй дамжуулах талаар хэрхэн төлөвлөж байгаа талаар 2021 оны арванхоёрдугаар сард тодруулж хариу тайлбар хүлээн авч ажилласан.
Өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс одоогийн байдлаар Эм Би Эс ХХК-ийн С1 телевиз нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар 2022 оны өвлийн паралимпын наадмыг шууд дамжуулан хүргэхээр төлөвлөсөн болохоо албан ёсоор мэдэгдсэн.
Түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний Паралимпын хороо, Монголын Үндэсний Олимпын хорооноос тодруулга, мэдээлэл авсан талаарх мэдээллийг ирүүллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс