Гол, мөрөн, нуурын мөсний зузаан автомашин явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа тул дээгүүр нь зорчихгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон онцгой байдлын албанаас зөвлөсөөр байгаа.
Гэвч нуурын мөсөнд цөмөрсөн хоёр осол өчигдөр гарчээ.
Ховд аймгийн Дөргөн сумын төвөөс урд зүгт хоёр километрийн зайд Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газарт суудлын автомашин Дөргөн нуурын мөсөнд цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албан нэгдүгээр сарын 23-ны 05:48 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 100 км замыг туулан, нуурын мөсөнд цөмөрч, 10 метрийн гүнд живсэн байсан Приус-20 загварын суудлын автомашиныг 15:05 цагт татан гаргажээ.
Мөн Ховд аймгийн Дөргөн сумаас “Сэвтэй” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин Дөргөн нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба нэгдүгээр сарын 23-ны 12:15 цагт хүлээн авчээ. Улмаар Дөргөн нууранд мөн өдрийн 08:00 цагт очиж, үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хоёр км замыг туулан Приус-10 загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч суусан байсныг 16:15 цагт татан гаргасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар