Монгол Улсын унадаг дугуйн замын стандартыг 2016 онд баталсан (MNS:2016) байдаг. Нийслэл хот өргөжихийн хэрээр энэхүү стандартыг шинэчлэх шаардлага тулгарсан тул унадаг дугуйн замын шинэчилсэн стандартыг боловсруулан батлуулах гэж байна. Улаанбаатар хотод одоогоор 80 гаруй км дугуйн зам буй. 2022-2024 онд 98 км явган ба дугуйн замыг барихаар төлөвлөжээ. 2021 онд Унадаг дугуйн замын шинэчилсэн стандартыг боловсруулахад Зам тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, “Кадсүрвэй” ХХК, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ, Монголын дугуйн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож, олон удаа хэлэлцэж стандартыг шинэчилсэн байна.
Стандартыг батлуулахаар өнгөрсөн сарын 20-нд Стандарт хэмжил зүйн газрын техникийн хороонд хүргүүлжээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хорт хий утааг багасгах, иргэдийн хөдөлгөөний хомсдолыг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх хэрэгсэл нь унадаг дугуйн зам, түүний хэрэглээ билээ.