Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталлаа.
Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос 18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Энэхүү журамд иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах буюу одоо харилцаж буй дансандаа авах аль эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана. Өнөөдрийн батлагдсан журмаар иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд тухайн сард хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж өгч болох юм байна.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан дээрх асуудалтай холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр “Хүүхдийн мөнгөтэй холбоотой журам гарсан. Энэ жилээс Засгийн газар хүүхдүүдэд сонголт бий болгож байгаа. Ирээдүйдээ зориулж хадгалах уу, шууд авах уу гэдгээ иргэд өөрсдөө шийднэ гэсэн үг. Нийт 1.200 гаруй хүүхэд хүүхдийн мөнгө авдаг. Өчигдрийн байдлаар 1.100 мянга орчим нь сонголтоо хийсэн байна. Төрийн сан дээр хадгалах уу, төрийн сангаас татаж аваад ашиглах уу гэсэн сонголт байгаа. Ирэх долдугаар сар хүртэл ийм зохицуулалтаар явна. Долдугаар сараас хойш 50 мянган төгрөг нь хадгалагдаад, 50 мянга нь иргэдэд шууд олгогдоно гэсэн үг. Төрийн сангийн тухайд 100 хувь баталгаатай, төв банк дээр байршдаг. Тиймээс ямар ч эрсдэлгүй” гэлээ.