УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нэгдсэн шуурхай штабын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа.
НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “ НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг товчхон танилцуулахад нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. ӨЭМТ-д сайн дурын 10 жолооч, тээврийн хэрэгслийг нэмэлтээр ажиллуулж байна. ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн багийн зөвлөгөөг чиг болгон баримталж, иргэдэд чиглэсэн тандалт болоод эмчилгээ үйлчилгээг цаашид ч үзүүлэхээр шамдан ажиллана” гэсэн юм.