Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг болох Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт энэ онд эхлэнэ.
Энэхүү чиглэлд төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.
Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөснөөр нийт 1970 хүн амтай Зүүнбаян тосгон дахин сэргэн мандах боломжтой болсон байна. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар шийдвэрлэсэн байна.