Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулах талаар Сангийн яамнаас мэдээллээ. Уг төв нь шинээр байгуулж буй Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд байж, мэргэжлийн зөвлөх баг ажиллана. Төр, хувийн хэвшлийн хүрээнд буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар барих-шилжүүлэх зарчмаар хийдэг гэрээг дахин байгуулахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Учир нь дээрх зарчмаар хэрэгжүүлж буй төслийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг аж. Эдгээрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд тусгаж буйг Сангийн яамнаас өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлд танилцуулав.
Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх сан байгуулах талаар мэдэгдлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд ахлах уг сан нь байгууллагын бүтэцтэй бус, Засгийн газар дүрмийг нь баталж, улсын төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тусламж, бусад хандивын хөрөнгөөр санхүүжих аж. Уг сан дээр төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал, орлого төвлөрч, ТЭЗҮ-г энд хийж, бүх хөрөнгө оруулалт энэ сангаас зарцуулж явахаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд тусгажээ.
Сангийн сайд Б.Жавхлан, “Бид энэ хуулийг хувийн хэвшилтэй хамтран 2 жилийн хугацаанд боловсруулсан. Төр-хувийн түншлэлийг одоо Концессын тухай хуулиар зохицуулж байна. Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс нь үүний нэг юм” гэдгийг тодотгов.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Бид маш хязгаарлагдмал хуулийн орчинд ажиллаж байгаа тул хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт болдог нь буруу жишиг. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг тул үүнийг халах цаг болсон. Хувийн хэвшилд ашигтай атлаа төрийн үйлчилгээг сайжруулсан төслийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэдгийг онцоллоо. Уг хуулийг батлахтай холбогдуулан нийт 26 хуульд өөрчлөлт оруулах юм.
Сангийн яамнаас мэдэгдэж буйгаар Төр, хувийн хэвшлийн Түншлэлийн тухай хуулийг баталснаар манай ААН-үүд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, зах зээлээ тэлэх боломжтой болох аж. Энэ онд Улсын төсвийн тухай хуулиар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гаднын зээл, тусламжийг нэмбэл 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжинэ. Энэ нь манай улсад шаардлагатай, 80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ердөө 10 хувь нь. Иймд үлдсэн 90 хувьд нь хувийн хэвшил хөрөнгө оруулдаг болгохын тулд Засгийн газар ажиллана. Хуулийн төслийн онцлох заалтууд:
- Концессын хууль хүчингүй болно.
- Түншлэгчтэй байгуулах гэрээний дээд хугацаа 30 жил. Гэрээ байгуулах эрхийг Засгийн газар олгоно.
- Эдийн засгийн хөгжлийн сайдаас гадна тухайн салбарын сайд, орон нутгийн захиргаа гэрээг хамтдаа баталж, гарын үсэг зурна.
- Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтын, барилга барих гэх мэт гэрээг заавал хамтад нь байгуулна.
Төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх төслийн үе шатууд:
- Төслийн санал: хувийн хэвшил санаачилга гарган, төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой.
- Урьдчилсан үнэлгээ хийж, тухайн төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл мөн эсхийг тогтоон, тухайн төслийг улсын төсөв, гаднын зээл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхийг мөн шийднэ.
- Үнэлгээнээс гадна бүрэн шинжилгээ болон төслийн ТЭЗҮ, эрсдэлийн шинжилгээг хийнэ. (Өмнө нь манайд эрсдлээ бүрэн тооцоогүйгээс олон төсөл зогссон жишээ бий).
- Түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.