Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор тодорхой байршлын сургуулиудын хичээл эхлэх болон тарах цагийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт даалгасан байна.
Энэ дагуу нийслэлийн Боловсролын газраас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулах асуудлаар судалгааны дүнг танилцуулах, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжинд байршилтай түгжрэлд нөлөө бүхий төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.
Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах хугацаа, төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын цагт өөрчлөлт оруулах, багш нарыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг асуудлаар санал боловсруулж, холбогдох газарт уламжлахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.