Өмнөд Африкийн парламентын ордонд томоохон түймэр гарч их хэмжээний хохирол учирчээ. Барилгын дээврээс асар том улаан галын дөл гарч, тэнгэрт хар утаа бүрхэж байгаа нь дүрс бичлэгүүдэд бичигдэн үлдлээ. Ерөнхийлөгч Сирил Рамафоса хэргийн газарт очоод үйл явдлыг “аймшигтай, сүйрэл” хэмээн нэрлэжээ.
Парламентын ордон шатсан хэрэгт холбоотойгоор 51 настай эрэгтэйг буруутган саатуулж, байцаалт авч байгаа талаар Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Түймэн орон нутгийн цагаар 06:00 гарсан бөгөөд урд өдөр нь парламентын ордны ойролцоох Гэгээн Жоржийн сүмээс хамба Десмонд Тутуг оршуулгах ёслолын ажиллагаа болж байжээ.
Барилгын ус цацах систем хэвийн ажиллаагүй ч гал сөнөөгчид хэдхэн минутын дотор галыг унтрааж чадсан байна. Хэрвээ тэд оролцоогүй бол зэргэлдээ байдаг Үндэсний ассемблей үнс болон хувирах байсан гэж тус улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолжээ.
Гал унтраах ажиллагаанд олон арван гал сөнөөгчид оролцсон ч парламентын цогцолбор ихээхэн эвдэрч, хохирол амсчээ. Кейптаун хотын захирагчийн аюулгүй байдлын хорооны гишүүн Жан-Пьер Смит сэтгүүлчдэд хэлэхдээ, хуучин чуулганы танхимын дээврийг бүрэн шатсан бөгөөд хуучин танхим доторх хохирлыг хараахан үнэлээгүй байна гэжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр гал гуравдугаар давхрын оффисоос эхэлж, хурдан хугацаанд Үндэсний ассамблейн (парламентын доод танхим) танхим руу тархсан байна. Гал түймрийн үеэр хүн гэмтэж, бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд гал юунаас эхэлж гарсан тухай мэдээлэл хомс байна.
Гал түймэр унтраах, аврах албаныхан барилгын хивс, модон шалнаас шалтгаалж галыг бүрэн унтраахад дахиад хэдэн цаг шаардлагатай гэж мэдэгджээ. Баярын өдрүүд тохиож байсан тул парламентын чуулган хуралдаагүй байсан аж.
Кейптаун дахь парламентын ордон нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн эртнийх нь 1884 онд баригдсан. 1920, 1980-аад онд баригдсан шинэ хэсгүүдэд Үндэсний ассамблей байрладаг. Үүний зэрэгцээ Засгийн газар Преториа хотод байрладаг.
Энэ нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд парламентад гарсан хоёр дахь удаагийн гал юм. Тус ордонд гуравдугаар сард цахилгааны гэмтлээс болж гал гарч байжээ. Өнгөрсөн жил Африкийн хосгүй архивын цуглуулга байсан Кейптаун их сургуулийн номын сангийн хэсэг мөн галд шатаж байсан юм.
Эх сурвалж: BBC