Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэрэглэгчдийн цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийн хөнгөлөлт өнөөдрөөр дуусгавар болж байна. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахуйн хэрэглэгчийн зөвхөн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Төрөөс даах хөнгөлөлтөд хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн байгаа. Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн хувьд 350 кВт.цаг хүртэл, орон сууцанд амьдардаг айл өрхийн хувьд 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлөх шийдвэр гаргасан. Энэ хязгаарыг тогтоохдоо дундаж хэрэглээг тооцсон. Энэ хүрээнд нийт хэрэглэгчдийн 73 хувь төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна.
Хөнгөлөлтөд нийт 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төслүүд хариуцахаар болсон.
Өнөөдрөөр дуусгавар болж байгаа хөнгөлөлтөд нийт цахилгаан дулааны эрчим хүч, уурын хэрэглэгчдийн 98 хувь хамрагдсан” гэдгийг хэллээ.