Монгол Улсын нутгаар дамжин Ази-Европ, Хятад-Оросын хооронд тэгш болон сондгой чиглэлд аялсан чингэлгийн галт тэрэг өнгөрсөн жил 2312-д хүрч, УБТЗ-ын хамт олон шинэ дээд амжилт тогтоож байсан юм. Энэ амжилт нь Орос, Казахстаны өндөр хүчин чадалтай коридоруудтай өрсөлдөн нийт дамжин өнгөрсөн чингэлгийн 20 гаруй хувийг тээвэрлэсэн хамгийн өндөр өсөлттэй коридороор тооцогдож байв.
Тэгвэл УБТЗ-ын хамт олон яг нэг жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 30-нд 2500 дахь дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргээ аялуулж, өмнөх оны амжилтаа ахиуллаа. Тодруулбал, энэ өдрийн 09:15 цагт Сүхбаатар-Наушки өртөө хооронд чингэлгийн 1055 дугаартай 31 вагон бүхий ОХУ-ын Базайха өртөө хүрэх галт тэргийг аялуулснаар энэ амжилтад хүрэв. Тус галт тэрэг нь дотоодын тээвэр зуучийн “Ийст винд” компаниар зуучлуулсан ОХУ-ын “Трансконтейнер” компаний ачаа ажээ. Мөн вагоны багтаамж, ашиглалтыг сайжруулснаар өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим мянган TEU чингэлэг илүү тээвэрлэсэн байна. Төлөвлөгөө ёсоор 2500 галт тэрэг, 250.000 чингэлэг тээхээр тооцжээ.
Энэ амжилт нь “Улаанбаатар төмөр зам” ХНН бүс нутаг, олон улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулаад зогсохгүй Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болсныг нь баталж байна.