УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, үг хэлэв.
Тэрбээр “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнэ өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчихөөд маш бага хэмжээний тэтгэвэр авч байгаа. Миний бие тэтгэврийг долоон жил биш таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээн тэмцэж байж уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээгүй. Тус хорооны дарга нь энэ хуулийг түүхий байна гэж хэлсэн. Гэхдээ тийм зүйл байхгүй. Улмаар уг хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргасан боловч даргын зөвлөл хэлэлцсэнгүй. Энэ хуулийг хэлэлцэхгүй байгаа учраас би ахмадуудтай хамтарч тэмцэхээр болсон. Би цахим хуудаснаа “7 биш 5 жилээр тэтгэврээ тогтоолгоцгооё” гэх нэртэй групп нээсэн. Бүгд хамтдаа тэмцэхгүй бол болохгүй нь.
Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэдэд 16 тэрбум төгрөгийг зарцуулна. Богд Зонхова бурхны цогцолборын тал мөнгө шүү дээ. 140 мянган хүний асуудлыг шийдэх энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна.
МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. Тиймээс уг хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Энэ сард багтааж хэлэлцэх асуудалд оруулмаар байна. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Цалин өндөр авдаг хүмүүст 1200 төгрөгөөр зарагддаг талх 1500 болох асуудал биш. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна” гэлээ.