2021-12-15 15:191min00

Цэрэг зодож амь насанд нь хүрсэн дэслэгчид 14 жилийн хорих ял оноолоо

985230

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “ дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн  10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд шөнийн 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 19 настай Б-г зодож, гэмтэл учруулсны улмаас цэрэг ТТАХНЭ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм.

Нас барсан шалтгааныг цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаа гэж тодорхойлсон билээ.

                     Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анханшатны шүүхийн тамгын газар