Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна. Харин Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж бөгөөд тус дүүрэг нийт 43 хороотой болно гэсэн үг.
Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болно гэдгийг тэрбээр хэллээ.
Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороог байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв.