Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулийг батласнаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардах шаардлагагүй болжээ.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Нийтийн мэдээллийн тухай хуульд иргэнээс мэдээлэл шаардаж, бичиг авч ир гэсэн төрийн албан хаагч өөрөө хариуцлага хүлээхээр тусгасан. Мөн ил байдаггүй 67 төрлийн мэдээллийг тус хуулиар ил болгож байгаа. Жишээлбэл, улс төрийн намын гишүүнчлэлийн асуудал их далд байдаг. Түүнчлэн төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал байна. Үүнийг дарга нь зарлахаас нааш ил болдоггүй. Энэ мэтчилэн олон мэдээлэл ил болж байгаагаараа онцлогтой. Харин Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн тухайд ардчилсан нийгэмд иргэн өөрийнхөө мэдээллийг хянах, эрхээ эдлэх гол хууль гэж үзэж байна. Монгол Улсын иргэний дата руу хэн нэгэн зөвшөөрөлгүй халдсан, ялангуяа төрийн албан хаагч тэр иргэний датаг үзсэн бол E-Mongolia-гаар мэдэгдэнэ. Тэгээд энэ хүн миний датаг үзэх эрхгүй гэж үзвэл E-Mongolia дээр гомдол гаргах боломжтой юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хөгжүүлэлтүүд ашиглалтад орно. Мөн иргэн бүр цахим гарын үсэгтэй болно. Ингэснээр зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлийн финтек салбарууд, технологи ашиглаж гэрээ хэлэлцээр хийдэг салбарууд маш хурдтай хөгжих боломжтой. Ирэх долоо хоногт Кибер аюулгүй байдлын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хууль 15, 16 жил яригдсан ч батлагдаагүй. Батлагдаж чадаагүйгээс болоод манайд мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бий болоогүй. Хууль батлагдсанаар иргэний мэдээллийн аюулгүй байдал, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах функцууд нэмэгдэнэ. Мэдээлийн аюулгүй байдлын асуудал бол зөвхөн системийн асуудал биш. Иргэдэд чиглэсэн боловсрол, соён гэгээрлийн ажлууд хийгдэх шаардлагатай байдаг” гэсэн юм.