УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн холимог систем рүү шилжих үндэслэл, шаардлагын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төсөв хэлэлцэх үеэр нэг зүйл тодорхой болсон. Татвар төлөгчдийн мөнгө хаашаа очдог, үр ашиг байна уу, цаашид ийм байдлаар явах уу гэсэн олон асуулт иргэдээс ирсэн. Үүнийг яаж өөрчлөх талаар хүмүүс байр сууриа илэрхийлж байна.
Манай улс 30 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийсэнгүй. Эх үүсвэрүүд дандаа 76 тойрог руу тараагдаж, тэндээ соёлын төв, цемент, хөшөө дурсгал болдог. Цахилгаан станц, төмөр зам алга. Олон сайхан төсөл ярьдаг. Зэс угаах үйлдвэр барьж, төмрөө боловсруулж, хотоо тэлнэ гэж ярьдаг ч дэд бүтэц санхүүжилт байхгүй.
Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хотоо тэлэхгүй бол шийдэх ямар ч боломжгүй. Ирэх 30 жилд өмнөх жилүүдийн алдаагаа давтах уу гэдэг ирмэг дээр байна.
Эдгээр асуудлыг үндсээр нь шийдэх зүйл нь сонгуулийн тогтолцоо юм. Бид холимог системийг оруулж ирж, 76 жижиг тойрог биш нэг бүхэл тойрогтой болох ёстой. Хаана үр ашигтай төсөл байна түүнийг санхүүжүүлдэг, мөнгө байхгүй байвал түүнийг гаргаж ирдэг, концессоор шийддэг, хувийн байгууллагатай хамтарч ажилладаг байж манай улс хөгжинө.
Нэг тойргоос сонгогддог УИХ-ын гишүүд, бодлого ярьдаг төрийн түшээд хэрэгтэй байна. 76 гишүүний 50 хувь буюу 38 гишүүнийг нэг тойргоос сонгодог байя. Үлдсэн 50 хувь нь тойргоо төлөөлнө. Нийт гишүүдийн 50 хувь нь улсынхаа эрх ашигт нийцсэн төслүүдийг дэмжиж кноп дардаг болъё. Өөрөө дахин сонгогдохын тулд тойрог дээр кноп дардаг баймааргүй байна” гэлээ.