Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн ажилтай танилцах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан багийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо.
Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм. 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, БОАЖЯ, ЗХЖШ, ОБЕГ, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, ЗТХЯ-ны Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ.
Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч гэхэд л хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх зэргийг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна.
“Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй. Онгоц доторх усны жин 1176.51 тонн, 195.5 тонн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км куб ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байна.
1954 онд ЗХУ-ын “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн энэ хөлөг онгоцоор баруун аймгуудын хэрэгцээт шатахуун, бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг байжээ.