Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн ректор В.Г.Мартынов, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкунов нарыг ыг “Алтан гадас” одон, “Одияна орчин” ХХК-ийг үүсгэн байгуулагч Р.В.Торияг “Найрамдал” медалиар шагнажээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шагналыг нь гардуулж өгсөн байна.
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн ректор В.Г.Мартыновтой хийсэн уулзалтын үеэр Газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн Монгол Улсын боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа онцлов. В.Г.Мартынов цаашид Монголын байгалийн хийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкуновтой хийсэн уулзалтын үеэр тус сургуульд анхны гадаад оюутнаар монгол оюутнууд элссэний 75 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд тус сургууль Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан олон төр, нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэсэнд талархал илэрхийлэв.
А.В.Торкунов Монгол Улсын нэр хүндтэй шагналаар шагнагдсандаа баяртай буйгаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэв.
Эх сурвалж: ГХЯ