Америкийн сэтгэл судлаач Раймонд Моудигийн “Амьдралын дараах амьдрал” хэмээх бүтээл ХХ зууны хамгийн гүйлгээтэй номын нэгд зүй ёсоор тооцогддог юм. Зохиогч энэ номдоо бидний ярьж заншсанаар үхээд боссон хүмүүсийн хожим өгүүлсэн сонирхолтой ярианд дүн шинжилгээ хийж, нэг ёсондоо хүн үхлээ гэхэд ямар зам туулж, хэрхэн нөгөө ертөнцөд очдог зэргийг нэлээд нарийн гаргахыг зорьжээ.
Сонирхолтой нь ийнхүү түр зуур “нас барсан” орон, орны хүмүүс ихэвчлэн нэг л зүйлийг онцлолж байжээ. Тухайлбал “Би талийгаач болсныхоо дараа өөрийнхөө биеэс маш амархан хөндийрч, хэсэг хугацааны дараа биеэ яг чанх дээрээс нь харсан. Дараа нь тэртээ алсад байх нэгэн гэрлийн зүг асар урт хонгилоор явсаар гарч ирэхэд аль эрт талийгаач болсон манай хамаатан садан, төрөл төрөгсөд намайг хүлээчихсэн зогсч байсан бөгөөд бид баяр хөөр болон уулзалдаж, өнгөрсөн амьдралаа яг видео кино үзэж байгаа юм шиг харсан” хэмээн ярьцгаасан нь ихээхэн сонирхол татдаг аж.
Гэхдээ зарим нэг хүний нөгөө ертөнцөд очих зам яг үүнтэй адил байдаггүй гэнэ. Жишээ нь хотын таксины жолооч, хөдөөгийн малчин хоёрын төдийгүй үндэстэн ястны нөгөө ертөнцөд очих зам нь хоорондоо огт ондоо, ихээхэн өөр байдаг ажээ.
Насаараа такси барьсан нэг нөхөр ямар нэг хоолойг өгсөн шав шар такси хөлөглөн ниссээр нөгөө ертөнцөд очсон гэсэн бол Швейцарын нэгэн уулчин “үхээд” босохдоо яг шувуу шиг уул толгодын дээгүүр элин халин нисч байсан тухайгаа хуучилсан байна. Гэтэл нэгэн хөгжимчин бүсгүй клиник үхлийн дараа сэхэхдээ та юу үзэв хэмээн асуухад “Нэг их өндөр уулан дээр зогсчихсон, өөрийнхөө хамгийн шүтэж явдаг Моцартын хөгжмийг сонссон” хэмээжээ.
Тэрчлэн тун нарийн судлаад үзэхэд тухайн нийгмийн байгуулал ч хүний дараачийн амьдралд их нөлөө үзүүлдэг байж магадгүй гэсэн таамаглалыг тэртээ нэгэн цагт Германы эрдэмтэд тогттосон гэлцдэг юм. Тухайлбал энэхүү эрдэмтэд Баруун Германы “үхээд боссон” хүмүүсийн 60 хувь нь тамд очлоо гэж ярьсан бол энэ үгийг зүүн Германы ийм үзэгдэл амссан хүмүүсийн 30 хувь нь хэлсэн байна.
Тэрчлэн Хятад болон зүүн Азийн орнуудын иргэд үхлийнхээ дараа ямар нэгэн хонгил, гээч юмыг огтхон ч хардаггүйн дээр сүнс нь өөрийн биеэс тасран одохыг мэдрээгүй хэмээжээ. Орчин үеийн хүмүүсийн тархийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулаад, түүнийхээ дараа 22 секундын турш уушгийг нь хүчтэй дарж, ухаан алдуулж, дараа нь сэхээхэд ихэнх хүмүүс тэртээ алсад гэрэл сүүмэлзэх нэгэн урт хонгил харагдаж байсан хэмээн үгссэн юм шиг ярьдаг нь эрдэмтдийн сонирхлыг тун ихээр татдаг байна. Энэ бүгдийн эцэст товчхон хэлэхэд хүний ертөнц тайлагдашгүй оньсого хэмээдгийн наад захын жишээ эдгээр тохиолдлууд мөн биз ээ.
Д.ГАЛ