Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн Монгол дахь салбар хороо Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эрчим хүчний салбар өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаад буй тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад голлох байр суурьтай, чухал салбар билээ. Тиймээс эдгээр асуудлуудын талаарх залуу мэргэжилтнүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үүнийг шийдэхэд манлайлан оролцох ур чадварыг бэхжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр нь олон улсын “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид-100” хөтөлбөрийн загварчлалаар хагас жилийн хугацаанд үргэлжилнэ.
Хөтөлбөрийн хүрээнд шалгарсан 18 оролцогч мэдлэг, ур чадвар олгох цуврал сургалтууд, менторшип хөтөлбөр, нетворкинг арга хэмжээ, туршлага судлах-танилцах аялалд хамрагдсан.
Үүнээс гадна шалгарсан оролцогчид өөрсдийн мэргэжлийн сонирхол, хүсэл эрмэлзлээ харгалзан гурван багт хуваагдаж 1. Эрчим хүчний шинэ техник, технологи, инновац, цахимжуулалт, 2. Эрчим хүчний зах зээлийн шинэчлэл, компанийн засаглал, 3.Эрчим хүчний төслийн санхүүжилт, гэрээ, хэлэлцээр гэсэн сэдвийн хүрээнд дараах судалгааны төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Монгол улсад “Сэргээгдэх эрчим хүчний гэрчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Эрчим хүчний төрийн өмчит компаниудыг Нээлттэй хувьцаат компани болгох
- Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
Хөтөлбөрийн төгсгөлд шилдэг 3 оролцогчийг шалгаруулан, жил бүр Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс зарладаг “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид-100” хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөн нэрээ дэвшүүлэх албан ёсны эрхийг олгоно.
Фэйсбүүк: www.facebook.com/FELMongolia