НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн хууль бус үйлдлийн талаар НЭМГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын мэргэжилтэн Д.Нарантуул “НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржтой хамтран ажиллаад есөн сар боллоо. 2021 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архидан согтуурсан гэсэн үндэслэлээр гурван ажилтнаа халсан гэсэн мэдээллийг Б.Бямбадорж өөрөө хийсэн.
Энэ ор үндэслэлгүй гүжирдлэгийн тушаалаа өөрөө гаргачихаад яаран хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нь төрийн албаны нэр хүндийг унагааж, төрийн албан хаагчдын эсрэг нийгмийг турхирах ажиллагаа явуулж байна гэж бид үзэж байна.
Бид төрийн жинхэнэ албан хаагчид. Хууль тогтоомжуудаа дээдэлдэг, захирах, захирагдах зарчмаа баримталдаг, ёс зүйн дүрмээ мөрддөг. Тийм ч учраас ажлын байран дээрээ архидах ёс зүй бидэнд байхгүй. Энэ бол НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн санаатайгаар хийж буй худал мэдээлэл. Тэрээр энэ мэтчилэн өөрийнх нь ашиг сонирхолд нийцээгүй мэргэжилтнүүдээ олон сар дарамталж байгаа.
Биднээс алдаа дутагдал олж харахгүй байгаа болохоор гүжирдэж, ажлаас халсан тушаал гэнэт гаргасан. Гэвч энэ гүжирдлэг нь хуульд нийцээгүй, ямар ч үндэслэлгүй тушаал. Бидэнтэй хамт байгууллагын нэр хүнд яригдаж байгаа. Хэрвээ энэхүү хууль бус тушаалаа цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ.
НЭМГ-ын мэргэжилтэн н.Бурмаа “Б.Бямбадорж дарга биднийг хууль бусаар ажлаас халчихаад энэ тушаалаа хуулийн хүн гэх хүнээр өгүүлсэн. НЭМГ-ын болон энэ салбарын нэр хүндийг тэр чигт нь унагаж байна. Санхүүгийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс зэрэг ихэнх алба хэлстийн дарга, мэргэжилтнүүдийг халж, сольсон. Ингэхдээ төрийн албаны шалгалт өгсөн, нөөцөд бүртгүүлсэн хүнийг авалгүй, өөрийн хүнээ томилж байна” гэлээ.