Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘’Ойн салбарын үндэсний чуулган’’, тодорхой чиглэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт анхны салбар хуралдаан болж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн хуралдааныг нээж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.
-НҮБ-аас санаачилгаар 2012 оноос эхлэн олон улсын ойн өдрийг дэлхийн улс орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэж байна. Олон улсын ойн өдрийн анхны уриалга нь “Ой ба хүн” гэсэн сэдвийг хөндөж, ойн нөөц, баялгийн хомсдол, доройтол, уур амьсгалын дулаарал, ядуурал зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нэг арга зам нь тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоо нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, энэ уриалгыг дэлхийн улс орнууд талархан хүлээн авсан.
-Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хүлээн авч, экоситемийн тулгуур хүчинзүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна.
-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 онд 8.6% -д хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулж, ойг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг тогтмол үнэлнэ.
- Ойн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулан, ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Цөлжилтийг сааруулах элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сайн хууль тогтоомж; бүтэц, зохион байгуулалтын сайн тогтолцоо; иргэдийн оролцоотой хамтын менежмент; мониторингийн сайн тогтолцоо; олон талын мэдлэг чадвар-оролцооны асуудлууд нэн чухлаар тавигдаж байна.
Өнөөдөр манай улсын ойн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаарх ойлголт, хууль эрх орчин тодорхой бус зэрэг тулгамдаж байгаа шийдвэрлэх олон асуудал бий.
Энэ салбар хуралдаанаар дээрх асуудлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид асуудал, шийдэл дэвшүүлсэн илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Ойн салбарын мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид, тэргүүлэх мэргэжилтэн та бүхэн ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, эх орноо ойжуулахад идэвхтэй оролцож, мэргэжлийн санал, санаачилга, зөвлөмжөөр хангаж, нэгдсэн зохион байгуулалтад орж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: БОАЖЯ