Монголын үндэсний олимпын хорооноос зохион байгуулж буй Олимпын зөвлөлийн удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн Olympic house-т болж байна.
Зөвлөгөөний нээлтийн үеэр Монголын үндэсний олимпын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар бүх шатны боловсролын байгууллагын спорт, олимпизмыг сурталчлан таниулах ажил эрчимжих юм. Санамж бичигт сургууль, цэцэрлэгүүдэд байгаа олимпын танхимыг шинэчлэн сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тусгасан байна.
Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр МҮОХ-той байгуулж буй санамж бичгийн амин сүнс нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхэд, багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Олимпын 30 медаль ямар үнэ цэнээр Монголын ард түмэнд ирсэн юм бэ, энэ амжилтуудыг гаргахын тулд тамирчид маань ямар их тэсвэр тэвчээр, хичээл чармайлт гаргасан юм бэ гэдгийг мэдрүүлэх ёстой. Ийм тэсвэр тэвчээр гаргах боломж бололцоо хүн бүрд бий. Тийм учраас бүх хүүхдэд энэ үзэл санааг ойлгуулах ёстой юм.
Бид 3.2 сая иргэнтэй хэрнээ олимпын наадмаас авсан медалийнхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог. Монгол хүнд ийм их нөөц боломж байгаа учраас иргэн бүр тамирчин шиг эрүүл чийрэг амьдрах амьдралын хэв маягийг бий болгох нь зөв юм байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад олимпын танхим гэж бий. Үүний ихэнх нь нэр төдий байгуулагджээ. Харин одоо олимпын танхимуудаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж, олимпизмыг сурталчлах, соён гэгээрүүлэх танхим болгож зохион байгуулъя гэж байгаа юм. Цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудын спорт заал, гадаад орчныг шинэ шатанд гаргахад анхаарлаа хандуулна. Хүүхдүүд зөвхөн хичээлээ хийгээд суух биш, багаасаа бие бялдрын хүмүүжил, төлөвшлийг авах орчин бий болгох гэх мэтээр нэлээд томоохон ажлуудыг төлөвлөсөн санамж бичиг боллоо” гэв.
Эх сурвалж: МҮОХ