Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг олон нийтэд ил болгожээ.
Тайланд дурдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсанаас 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна.
Тус хөтөлбөрт хийсэн аудитын тайлангаас харахад агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд 2017, 2018, 2019 онд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 43 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон байна. Гэтэл үүнээс 100 хувийн хэрэгжилттэй арга хэмжээ ердөө гурав байгаа нь анхаарал татна. Мөн 70 хувийн хэрэгжилттэй 13, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжээгүй 9 арга хэмжээ байгааг онцолжээ. Эндээс төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажиллаж байгааг харж болох аж.