Соёлын өвийг хамгаалах үүднээс Богд хааны ордон музей, Чойжин ламын музейн барилгын хүчитгэлийн санхүүжилтийг ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өнөөдөр сэтгүүлчидтэй уулзан, соёлын салбарын ирэх оны төсвийг танилцуулахдаа мэдээлсэн юм.
Тэрбээр, “Улаанбаатар хотод Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Төв номын сан, Занабазарын музей зэрэг соёлын өв олон бий. Эдгээр музей, номын сангийн барилга олон жил болсон тул хүчитгэл хийхгүй бол эрсдэл дагуулахаар байна.
Монгол Улс сүүлийн 24 жил соёлын бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагагүй байсан. Өнгөрсөн онд Соёлын яамыг шинээр байгуулж, энэ салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Мөн “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх том зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлыг Соёлын яам өрнүүлж байгаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Кино урлагийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хуулийн дагуу 10 тэрбум төгрөгийн төсөвтэй Кино урлагийн сан байгуулна. Уг сан нь кино урлаг хөгжүүлэх, үйлдвэрлэх, түгээхэд санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгох юм. Үүнээс гадна олон улсын уран бүтээлчдийг Монгол Улсад ирж кино хийх, монголчуудтай хамтран бүтээл туурвихад нь дэмжинэ. Ирэх онд соёлын салбарт 263 тэрбум төгрөг төсөвлөснөөс 116 нь урсгал зардалд зарцуулагдахаар байна. 148 тэрбум төгрөг нь цэвэр хөрөнгө оруулалтын зардал. Нийт төсөв ДБН-ий 0.5 хувьтай тэнцэж байгаа” гэв.
Соёлын салбарт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт өрнөж буй. Тухайлбал, Чингис хааны музейн барилгыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгч, ирэх онд дотоод зохион байгуулалт, үзмэрээ дэглэж, музейг нээхээр төлөвлөсөн байна. Мөн 9948 мянган ам дөрвөлжин метр квадрат талбайтай Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд барилгыг ирэх онд ашиглалтад оруулах юм. Түүнчлэн Байгалийн түүхийн музейн бүтээн байгуулалт 25 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Харин Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн барилгын зураг төслийг хийх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгасан бол Үндэсний урлагийн их театрын барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барихаар төлөвлөж байгаа юм байна.