15 сая оршин суугчтай Истанбул хот гудамжны мууранд ээлтэй ханддагаараа алдартай. Ер нь тэнэмэл амьтанд хэрхэн хандахаас улмаар хүмүүс хоорондын харилцаа, төр нь иргэндээ хандах хандлага ч илэрдэг гэмээр. Истанбулын сайн дурын хэсэг бүлэг гудамжны муурнуудад гоё сайхан гэр орон барьж өгөх нэгэн сайхан үйл хийж байна.
Тэр нь дотроо мууранд хандивласан хоол хүнс, тоглоом, хүйтнээс хамгаалах хайрцаг, зөөлөн дэр бий, бүр аз таарвал эзэнтэй ч болж магадгүй. Энэ үйл ажиллагаа 2008 онд Дидем Гокгоз гэх интерьер архитектурч цэцэрлэгт хүрээлэнгээр өнгөрч явахдаа хүйтэнд тэнэмэл муурнууд орох байх газраа олж ядаж буйг харснаас эхэлжээ.
Бүсгүй тэдэнд зориулан хэдэн хуванцар хайрцаг байрлуулсан ч зохисгүй харагдаж байна гээд цагдаа нар хураагаад авчихав. Эцэст нь Гокгоз тэдгээр муурнуудыг хооллодог хүмүүстэй танилцаж, илүү тухтай, газар гинжилж холбосон аятайхан байр барихаар шийдэв. Уулзалтандаа хотын даргыг ч урьж, авах гэж буй арга хэмжээгээ зөвлөлджээ.
Уулзах үеэр гадаа бороо орж байсан ч бүсгүй найзын хамтаар хотын даргад хийх ажлаа уйгагүй танилцуулж, хотын дарга ч сонсоод “За, хий дээ. Харъя. Бас бид дэмжинэ” гэв. Ийнхүү тэд цэцэрлэгт хүрээлэнд хоёр байшин босгосон ч хожим хаа сайгүй муурнуудад зориулсан байр барих хүсэлтэд дарагджээ. Өнгөлөг хөөрхөн байшингууд хүмүүсийн сэтгэлд нийцсэнээс гадна эрэлт хэрэгцээ ч их байсан нь ойлгомжтой. Учир нь Истанбулд 125,000 муур бий гэнэ.
Одоо өөр хотуудаас ч санал ирж буй бөгөөд хамгийн гол нь эзэн болох муурнуудад хамгийн ээлтэй, тохитой байгаа гэнэ билээ.
Эх сурвалж: Good news network