НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба /UNOOSA/ болон Монголын Геомэдээллийн холбоо хамтран “ДЭЛХИЙН БАЙРШИЛ ТОГТООГЧ ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 25-29-ний хооронд 5 өдрийн хугацаанд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд нийт 44 улсын тухайлбал Европын холбоо, ОХУ, АНУ, БНХАУ, Энэтхэг улсын 300 гаруй оролцогчид оролцон Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулын системийн Олон Улсын Хорооноос сансрын уудмыг судлах, Байршил тогтоогч хиймэл дагуулын системийн байнгын ажиллагаатай станцын өгөгдөл, мэдээллийг дэлхийн гадаргын тектоник хавтангуудын шилжилт, хөдөлгөөнийг тодорхойлох, газар хөдлөлийг урьдчилан таамаглах, хэрэглэгчдийг бодит агшны мэдээллээр хангах чиглэлээр нээлттэй хэлэлцсэн юм.
Манай улсаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Иргэний нисэхийн үндэсний төв, ШУА-н хүрээлэнгүүд болоод хувийн байгууллагын төлөөлөлүүд илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.
Энэхүү зөвлөгөөний үр дүнд хэлэлцсэн сэдвүүдээр зөвлөмж, дүгнэлт гаргах, Бүс нутгийн улс орнууд болон CORS сүлжээнүүдийн хоорондын хамтын ажиллагааны урьдчилсан хэлэлцээрийг хийх, Салбарын тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө байгуулах, Салбарын чадавхийг сайжруулах, мэргэжилтнүүдийн ур чадварууд дээшлүүлэх зэрэг давуу талтай юм.
НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба /UNOOSA/ нь 2005 онд GNSS-ийн олон улсын хороо /ICG/-г байгуулан, хиймэл дагуулуудын навигацийн системүүдийн хоорондын харилцан хамаарал, ил тод байдлыг дэмжих, тэдгээрийн нийтлэг хэрэглээний програмуудын хэрэглээг хөгжүүлж дэлхий нийтийн хүртээл болгож “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ийг хэрэгжүүлэхэд ТХЗ-3. Эрүүл мэндийг дэмжих, ТХЗ-7 Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, ТХЗ-9. Инноваци болон дэд бүтцийн нэмэгдүүлэх, ТХЗ-11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Манай улсын сансрын технологи судлал, геодези, зураг зүйн, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхах, сайн туршлага солилцох, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгож буй уг зөвлөгөөнийг зохион байгуулагч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сансрын харилцааны алба, Монгол улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Барилга, Хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэн, их, дээд сургуулиудын төлөөлөл болох МУИС, ШУТИС, ХААИС, энэхүү үйл ажиллагааг дэмжиж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон хуралд оролцож буй илтгэгч нар, салбарын зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлье.
Эх суралж: Монголын Геомэдээллийн холбоо