Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар зорилтод бүлгийн болон 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус төв нь өрх толгойлсон, ажилгүй, хорихоос суллагдсан, архины хамааралтай болон зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийг сургах, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” нь сургалтын танхим, модон эдлэл, алт, мөнгөний дархан, арьсан эдлэл, гар урлал, студи, кофе шоп, борлуулалт явуулах хэсгүүдээс бүрдэж байна.
Тус төв нэг жилийн хугацаанд модон эдлэл, алт мөнгөний дархан, арьсан эдлэл, гар урлал, студи зэрэг ажлын байранд 142 иргэнийг үйлдвэрлэлд сурган ажлын байртай болгох юм.
Мөн борлуулалтын хэсэг дээр долоон лангуу, 40 өлгүүр, 50 тавиур дээр 30-50 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар ажиллаж байна. Цаашид архины хамааралтай болон зорилтод бүлгийн иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч нөхөн сэргээж хөдөлмөрт бэлтгэхээр зорьж байгаа бөгөөд тус төв нь эрчүүдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.