ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Манай улсын хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл улам нэмэгдэж, давтамж жил ирэх тусам ойртож байгаа нь гамшигтай тэмцэх чадавхи, бэлэн байдлаа дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллахыг сануулсаар байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн. Харин 2 дугаар шатны төслийг эхлүүлэх саналыг ЖАЙКА-гийн талд тавиад байсан юм.
Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, төслийн эхний шатны төсөл газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах ажлын мэдээлэл цуглуулах, боловсруулах чадавхийг сайжруулах, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулахад үр дүн авчирсныг тэмдэглэв. Мөн барилга, дэд бүтцийн газар хөдлөлтийн үнэлгээний аргачлал, барилгын хүчитгэлийн заавар, сургууль, цэцэрлэгийн гамшгаас хамгаалах боловсрол, сургалтын материалыг боловсруулсан ололтыг онцоллоо. Түүнчлэн иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлэхэд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжсэн гэдгийг тэмдэглэлээ. Мөн үеэр ЖАЙКА-гийн төв оффис, Даян дэлхийн хүрээлэн буй орчны газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга Мацүмото Хидэакитай цахимаар холбогдсон.
Уг төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх баримт бичгийн саналыг бэлтгэх тэмдэглэлд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар гарын үсэг зурлаа.
Төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхийг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дэмжих, сургалтын бааз, материал бий болгоход анхаарч ажиллахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.