Сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нар өнөөдөр АТГ-т хандлаа. Тэд өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн тухай нэвтрүүлгийг бэлтгэн нийгэмд хүргэж байсан. Нэвтрүүлэг гарсны дараа Цагдаагийн ахлах байцаагч, хошууч Э.Ганбат, Цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ нар сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нарт Эрүүгийн хэрэг үүсгэх гэж байсыг УЕП таслан зогсоосон.
Гэсэн ч Ц.Анандбазарт холбогдох хэрэгт хамаарах мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байгаа нь хууль хяналтын байгууллагынханд нөлөө орсон гэж үзсэн учраас сэтгүүлчид АТГ-т хандан асуудлыг шалгуулах хүсэлт гаргаж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртсөн 3-5 эмэгтэйн яриаг нийтэд ил болгохдоо сэтгүүлчид хохирогчдын нүүр царайг гаргахгүй, дуу хоолойг нь өөрчилсөн боловч Ц.Анандбазар гэрчүүдийг таньсан. Нэг хохирогч нь амиа хорлохыг завдсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Мөн гэрчүүд мэдүүлгээсээ буцаж байгаа зэрэг нь Ц.Анандбазарын нөлөө орсон гэж үзэж байгаагаа сэтгүүлчид мэдэгдлээ. УИХ дахь Ёс зүйн байнгын хороо Ц.Анандбазарын ёс зүйн асуудлыг хэлэлцээгүй. Хэрэг замхрах шатандаа явж байгаа нь тодорхой болж байна гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.