Франц улс McDonald’s-ийн сүлжээндээ аягатай ус хэмээх шинэ бүтээгдэхүүн санал болгосон анхны улс болсон тухай Le Figaro мэдээлэв. Түргэн хоолны сүлжээ ресторан Evian, Badoit маркийн савлагаатай ус нийлүүлдэг Danone компанитай хамтын ажиллагаагаа цуцалсан гэнэ. Ингээд 250 миллилитрийн хэмжээтэй цаасан аягатай усыг 1,70 евро, 400 миллилитрийг 2,30 еврогоор зарж эхэлжээ.
“Хуванцар савлагааг зогсоох ажилд манай компаниас эхэлж байна. Францад McDonald’s-ын сүлжээгээр жил бүр 75 сая сав ус худалдаалагддаг. Энэ нь 1000 гаруй тонн хуванцрын хаягдлаас сэргийлэхэд тусална” хэмээн компаниас мэдэгджээ.
McDonald’s эрдэс ус худалдан авахын оронд хэдэн дамжлага шүүлтүүрээр дамжуулан крантнаас шууд савлаж зарж байна.
Энэ мэдээлэлд төр засаг дургүйцсэн байна. Парис хотын орлогч дарга, хотын ус хангамжийн тэргүүн Дана Лера хотын ус хангамжийн сүлжээгээр нийлүүлдэг ус литр нь 0,003 евро байхад McDonald’s хэд хэдэн удаа шүүсэн ч бай, литрийг нь 7 еврогоор зарах нь зохисгүй гэжээ.
Эх сурвалж: МIR24