Ч.Үл-Олдох
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эхний тохиолдол Монголд бүртгэгдсэнээс эхлэн улсын болон хувийн эмнэлгүүд, албан байгууллагууд бэлэн байдалд шилжиж, тусгаарлалтын өрөө, дундын бүс, “Улаан бүс” –ийн яаралтай тусламжийн хэсэг гарган ажиллаж эхэлсэн.
Өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, өвчтөн хүлээж авах ор хүрэлцэхгүй, цалин бага, ажлын ачаалал нь түүнээс хэд дахин их, ар гэр, нийгмийн асуудал нь их төлөв орхигдсон ирсэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд чухамдаа фронтын галын шугаманд үүрэг гүйцэтгэж буй “Торгуулийн суман” шиг болсон.
Өөрсдөө халдвар авсан ч өвдсөн хүмүүсийн төлөө зүтгэсээр, эрүүл мэнд, эдийн засаг, итгэл сэтгэл гээд бүх талаар сөхөрч цөхөрч байна. Энэ тухай Улсын I төв эмнэлгийн “Улаан бүс”-д өнгөрүүлсэн 24 цагийн тэмдэглэлээ хүргэе.
Цар тахлын үеийн “Чимээгүй сурвалжлага”
“Улаан бүс” рүү эрүүл хүн орох хориотой. Шинжилгээний хариу эерэг гарч өндөр хэмжээнд халуурсан, амьсгалын дутагдалд орсон, уушгины хатгаа болж хүндэрсэн хүмүүсийг энэ хэсгээр эмнэлгүүд хүлээж авдаг.
Түүнээс зорьж ороод сурвалжлага хийх, ярилцлага авах боломжгүй. Миний хувьд хүнд өвчний улмаас хагалгаанд орох гэж буй хүүгээ сахихаар ортол тухайн тасагт халдвар бүртгэгдэж, улмаар шинжилгээний хариу эерэг гарсан тул тус эмнэлгийн “Улаан бүс”-ийн дундын бүс \хүлээлгийн өрөө\-нд 24 цаг саатсан юм.
Ингэхдээ өвдөөд ирж байгаа, ор хүлээн дугаарласан өвчтөнүүд, тэдний сэтгэгдэл, эмнэлгийн ажилтнуудын ажлын нэг өдөр, шөнө ямар өрнөл дунд хэрхэн өнгөрч байгааг “чимээгүй” сурвалжиллаа. Тэнд би сэтгүүлч гэж онцгойрох эрх үгүй.
Өөрийгөө сэтгүүлч гэж хэнд нь ч мэдэгдэх ч шаардлагагүй. Ерөөс сэтгүүлч байна уу, сэтгэгч байна уу, шилдэг бизнесмэн, дуучин, жүжигчин, эмнэлэг дотроосоо халдвар авсан эмч, сувилагч ер хэн байх хамаагүй бүгд covid-19-ийн халдвар авч өвчилсөн, шинжилгээнийх нь хариу эерэг гарсан, эмнэлгийн тусламж авахаар, үхэх сэхэхээ хүлээн сууцгааж буй “өвчтөн”.
Өндөр халуурч, хамраас нус гоожиж, зүрхээр хатгуулж, амьсгал давчдах зэргээр илэрч буй онош ч бараг ижил. Гаднаас юу ч оруулахгүй, “Улаан бүс” рүү ойртож ирж эргэлт оруулах зоригтон бараг л байхгүй тул бид байгаа бүхнээ хуваан идэж, ууж, 00-ийн цаас, салфетикаас эхлээд утасны цэнэглэгчээ дундаа хэрэглэж, эмч ирж үзэх хүртэл өвчин намдаах, халуун бууруулах эмээ хуваалцаж байв.
“Улаан бүс”-ийн “Яаралтай тусламжийн төв”-ийн хаалгаар байсхийгээд эмээ өвөөгөө тэвэрсэн, эсвэл ээж, аавыгаа сугадаж түшсэн залуус орж ирж тэднийгээ орон дээр хэвтүүлж эсвэл сандал дээр суулгачихаад, тортой хувцсыг нь хажууд нь тавиад “Утсаар яръя” гээд хар хурдаараа цааш эргэнэ.
Эрүүл хүн удаан байж болохгүй бүс болохоор тэр. Гэвч өөрөө ч бас нэгдүгээр хавьтал болчихсон, халдвар авсан байж мэдэх, мэдээж дотроо “гайгүй байгаасай, гэр бүлийнхэндээ, үр хүүхдүүддээ, бусдад энэ өвчнийг халдаах вий” гэсэн горь тээж яваа нь гарцаагүй.
Сувилагч ирж даралтыг нь хэмжиж, цусны шинжилгээ авч, бүртгэл хийх бөгөөд жижүүр эмч хүнд үзэж, хэвтүүлэх орны хүрэлцээ, аль тасагт хуваарилахыг шийднэ. “Ор байхгүй шүү дээ, одоо яах вэ. Дүүрэг рүүгээ яваад үзээрэй” гэнэ. “Хөнгөн бол гэртээ тусгаарлалт хий” гэж зөвлөнө. Завтай сууж байгаа нэг ч эмч, сувилагч тэнд байхгүй. Нааш цааш гүйлдсэн мөнхийн хөдөлгөөнд “Улаан бүс” –д цаг хором урсч өнгөрнө.
Сувилагч Х: Дөрвөн ханатай гэрт ээж, хоёр хүүхэдтэй амьдардаг би хаачих вэ?
“Улаан бүс”-ийн дундын хүлээлгийн өрөөнд сууж байхад хоёр сувилагч, нэг туслах сувилагчтай нэлээд хэдэн цаг хамт байв. Тэр гурав хүлээлгийн орон дээр дусал залгуулж, намайг эмч “Ор байхгүй, тэгээд ч харъяаллын бус тул таныг хүлээж авах боломжгүй.
Нэг бол гэртээ очиж тусгаарла, эсвэл дүүргийн эмнэлэгтээ ханд” гэсэн ч би нэгдүгээрт, хүүгээ хагалгаанаас гарч ирэхийг хүлээх, хоёрдугаарт хэрэв сахиур хэрэгтэй бол хүү ковид туссан тул, ковидтой би сахьсан дээр биз гэсэн бодлоор эцсийн шийд, эмч нарын амыг харахаар хүлээж суусаар…“Улаан бүс”-ийн дундын бүсийн хүлээлгийн өрөөнд 24 цаг буюу өдөржин, шөнөжин суусан хэрэг.
Нэг сувилагч нь хорин хэдтэй бүсгүй байв, тэрээр эмнэлэг дотроосоо халдвар авсан байлаа. Эмч түүнд ор байхгүй, нөхцөл байдлыг ойлгоно биз дээ. Бие чинь хөнгөн бол гэртээ харь даа. Хүндэрвэл эргээд ирээрэй” гэхэд “Гэртээ очиж өвчин тараамааргүй, хаашаа очдог юм билээ” хэмээн ийш тийшээ баахан утасдаж байгаад гараад явсан.
Түүнд нэг тариа хийж өгсөн нь бодвол вирусын идэвхжлийг зогсоодог тариа болов уу гэж би дотроо тааж бодсон. Өөрийгөө сувилагчийн туслах гэж танилцуулсан Х хэмээх бүсгүй “Гэртээ очиж тусгаарлах ямар ч боломжгүй. Гэр хорооллын мухарт дөрвөн ханатай гэрт ээж, хоёр хүүхэдтэй амьдардаг би хаачих вэ?” гээд нулимс урсгаж байсан.
Нөгөө нэг сувилагч нь мөн л нэг өрөө байранд амьдардаг, нөхөр гурван хүүхэд дээрээ корона чирээд очиж болохгүй. Улаан бүсийн нэг ээлжинд 10 хоног ажилладаг, эмнэлэг дотроосоо халдвар авчихлаа” гэсэн.
Нэг өдөр зургаан шарил
Есдүгээр сарын 15-наас 16-ны шөнө дунд хүртэл тэнд суухдаа хоёр хаалганы завсар дахь хэсэгт очоод дугуйтай нарийхан улаан ор байхаар нь дээр нь гарч хэвтээд нам унтчихаж. Нэг мэдсэн “Та босоод цаад өрөө рүү ороорой” гэхээр нь сандал дээр очоод суулаа. Хоёр өрөөний хооронд дамждаг хэсгийг хаачихав, юм зөөж байгаа бололтой.
Дараа нь хаалгыг нээхэд нь дахиж ороод тэнд суулаа. Тортой юмнуудаа нэг буланд нь тавьчихав. Сүүлд мэдэхнээ тэр хаалгаар нас барсан шарил зөөж байсныг мэдсэнгүй. 5-6 удаа тийм байдлаар юм зөөсний дараа цонхоор хартал “Шүүхийн шинжилгээний төв” гэсэн хаягтай эмнэлгийн бүхээгтэй машинд гадуур нь хар уут углаж скочидсон цогцос ачиж байгааг хараад золтой л зүрх зогсчихсонгүй, айж балмагдсан минь тоймгүй.
Хүлээлгийн өрөөнд хүмүүсийн ярилцах нь “Сэхээн амьдруулах”, “Эрчимт эмчилгээний тасаг” –аас нас барж байгаа өвчтөн олон байна. Хүнд өвчтэй, дээр нь цар тахлын халдвар авсан бол тэр нь нэрмээс болж амархан нөгөө ертөнц рүү явчихаад байна гэнэ.
Үүнээс болоод ч тэр үү, тэр тасгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ч маш их стресстэй байгаа гэлцэнэ. Бас эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах, халагдах өргөдлөө өгөх болсон. ажиллах хүчний нөөцгүй болж байгаа гэсэн мэдээ сэтгэл түгшээв.
“Хүүгийн хагалгаа амжилттай болж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бөгөөд сахиур оруулах шаардлагагүй” гэсэн тул би 16-ны шөнө гэртээ очиж тусгаарлалтад орохоор явлаа. Гарахдаа өөрийн сууж байсан өнөөх өрөөний гаднах хаягийг харахад “Тусгаарлах өрөө”, “Халуунтай өвчтөнд үйлчлэх хэсэг” гэсэн байлаа. Гадуур нь улаан туузаар тойруулан хүрээ татсан байх аж.
“Улаан бүс”-ийн өвчтөнд долоо хоногт гурван удаа эргэлт оруулна
Эмнэлэг эргэлтийн хаалгаа барьж, харуул хамгаалалт гаргаж, эргэлтийн цагийн хуваарьт “Улаан бүс”-ийн өвчтөнд долоо хоногт гурван удаа буюу 2, 4, 6 дахь өдөр эргэлт оруулна” гэж бичсэн байгааг дүүдээ шөл өгөхөөр очсон том хүү маань надад утсаар дуулгасан. Найм хоног юу идээгүй бөөлжсөн, хагалгаанд ороод нэг хонож байгаа дүүдээ шингэн бантан авч очтол эргэлтийн өдөр биш эм тариа бол оруулна, хоол цай оруулахгүй байна, бие нь сульдаж муудах вий” хэмээн сэтгэл зовниж байгаагаа ярив.
Надад “Улаан бүс”-ийн хүлээлгийн өрөөнд байхдаа хүмүүсээс сонссон “Сэхээн амьдруулах”, “Эрчимт эмчилгээний тасаг” –аас нас барж байгаа өвчтөн олон байна. Хүнд өвчтэй, дээр нь цар тахлын халдвар авсан бол тэр нь нэрмээс болж амархан нөгөө ертөнц рүү явчихаад байна гэнэ.
Үүнээс болоод ч тэр үү, тэр тасгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ч маш их стресстэй байгаа гэсэн” гэх яриа бодогдож “Махчин монголчууд шөл, цайгаа ууж байж л тэнхэрнэ шүү дээ. Хагалгаанаас гарсан хүн эргэлтийн өдөр хүлээж цаг алдалгүй шөлийг нь уулгах хэрэгтэй”-г учирлаж гуйгаарай гэж том хүүдээ хэллээ.
Энэ үгийг дамжуулахад үүдэнд байгаа харуул, хамгаалалтынхан болон эмнэлгийн ажилтнууд “Дээрээс өгсөн хуваарь” гээд хөдлөхгүй байсан ч, хүн л юм хойно учирлаж гуйхад оруулж өглөө” хэмээсэн. Үүн дээр эмч, эмнэлгийн удирдлагууд эмнэлзүйн талаа барьж, эмнэлгийн хатуу дүрэм журмаа хэт бариад арга барилын хувьд дутмаг тал байна уу гэж бодож байсныг нуух юун.
Эмнэлгээс гарсан өвчтөн эмчийн дүгнэлтээ хүлээж 2-3 цаг гадаа зогсохдоо даарч өвчин нь хүндрэх вий…
“Улаан бүс”-д ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэдэнд урмын үг, дэм тус хэрэгтэй нь үнэн. Гэвч шүүмжлэл ямар ч цаг үед байж тухайн газар, салбар эрүүл байдаг учиртай. Хүнд нөхцөлд, стресс бухимдал ихтэй ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд нөхөрсөг шүүмж хийгээд ажилдаа санаа оноо авах үгийг хүлээж авч чадахгүй болчихсон тал ажиглагдсан.
Ажлын ачаалал, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа нь магадгүй тэднийг тийм болгосон байх. Өвчтөнд эргэлт оруулах цагийн хуваарьт эргэж хармаар зүйл байгааг дээр дурдлаа. Үүн дээр нэмж хэлэхэд, эмнэлгээс гарсан өвчтөн эмчийнхээ дүгнэлтийг хүлээж гадаа үүдэнд нь 2-3 цаг хүлээхдээ даарч хөрч гам алдах вий. Үйл ажиллагааны энэ доголдлоос болж эмчийн хөдөлмөр зүтгэл талаар болох вий. Ийм жишээ олон байна. Хүлээж ядаад орхиод явчихсан хүмүүс ч цөөнгүй байна лээ.
Эцэст нь хэлэхэд, хэн хэзээ ковидын халдвар авах нь цаг хугацааны асуудал, нэг удаа өвдөж эмчлүүлсэн байхад дахиад хүрэхгүй гэх баталгаа байхгүй. Өөрөөр хэлбэл, дархлаа тогтохгүй. Харин ч хүнд хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэсэн хэнд ч хожим илрэх үр дагавар их болохыг Японы эрдэмтэд судалж тогтоожээ. Энд иргэдийн хариуцлага гэж бий.
Халдвар авчихаад “Би хөнгөн туссан, зүгээр” гээд маск зүүгээд гадуур халдвар тараагаад яваад байж болохгүй. Ядаж л арав хоног гэртээ тусгаарлах ёстой. Хүн бүр урьдчилан сэргийлж, дархлаагаа “бөхөлж”, витамин ууж, шинжилгээнд хамрагдаж, халдвар, хамгааллын горимыг сахиж байгаасай.
Эвий хөөрхий эмч нар минь
Өнөөдөр Монгол Улсын хүн ам ойролцоогоор 3000 шахам хүн халдвар авч бүртгэгдснээс 20 орчим хүн нас барсан. Нэг өдөр ийм тоон мэдээ гарч байна. Гэтэл нас баралт өдөр бүхэн нэмэгдэж байна. Цөөхөн хүн амтай монголчууд үлдэх үү, эс үлдэх үү. Иргэд нь ч, эмч, эмнэлгийн ажилтнууд ч ядарч, цөхөрч, сөхөрч туйлдлаа.
Эрх баригчид хэдэн тэрбумаар идсэн уусан асуудал яригдаж, Засгийн газар хэдэн мянган хүн цуглуулан шоу хийж байхад эмч хүн ажлаа хийж яваад халдвар авлаа гэхэд очоод тусгаарлагдах гэр нь ганц өрөө, ам бүл нь олон. Зарим нь дөрвөн ханатай гэртээ яаж тусгаарлалт хийх билээ, эмнэлэг маань хэвтүүлэх оргүй гээд уйлж сууна.
“Улаан бүс”-д өнгөрүүлсэн 24 цаг тэмдэглэлийг бичиж дуусах мөчид эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс мэдээлэв.
Авдаг цалин нь бага, ачлаалал нь хэдэн нугалсан их. Иргэдийн амь насыг торгоох гэж “Улаан бүс”-д “Торгуулийн суман” шиг ажиллаж байгаа цагаан нөмрөгтэй цэргүүдээ эх орон, төр засаг гэж байгаа бол энэрээсэй. Тэд ч бас хүн, ардаа хань ижил, үр хүүхэд, гэр бүлтэй, хүлээж суугаа аав ээжтэй шүү дээ. Амь насыг нь төр анхаардаг байгаасай.
Эх сурвалж: