2018 онд Өмнөд Солонгосын Пхенчан хот өвлийн XXIII Олимпиадыг зохион байгуулсан билээ. Энэ наадамд БНАСАУ-ын тамирчид оролцсон бөгөөд тэд үүнийхээ төлөө сохор зоос ч гаргаагүй гэхэд хилсдэхгүй. Олимпийн төлөөлөгчид (нийт 424 хүн)-ийн замын зардал, амьдрах бүх зардлыг Өмнөд Солонгос улс даасан байна. Цөмийн зэвсэгтэй гэх өөр их гүрнүүд ийм зүйл хийвэл ичиж нэрэлхэх байсан биз. Тэгвэл БНАСАУ-ын хувьд тийм биш.
Эрэлхэг ардын бүгд найрамдах улс
Пхеньян, Сөүлийн хооронд энх тайвны албан ёсны баримт бичиг байдаггүй ч 3 жил үргэлжилсэн Солонгосын дайны төгсгөлөөр 1953 оны долоодугаар сарын 27-ныг дайн дууссан өдөр гэж тооцохоор болжээ. Энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр үүссэн хоёр улс БНАСАУ, БНСУ өөр өөрсдийнхөөрөө улс орноо тохинуулж, бусад орнуудтай харилцаа үүсгэж эхэлсэн байдаг.
Зураг. Хойд Солонгосын цэргүүд дайнд ялснаа тэмдэглэж байна, 1953 он / Эх сурвалж: diletant.media
Барууны ертөнцийн хувьд Хойд Солонгос гэдэг хачин содон улс. «Эрэлхэг ард түмний Бүгд найрамдах улс» амбицтай ирээдүйнхээ талаар чанга хашгиран гарч ирсэн билээ. БНАСАУ аж үйлдвэр, эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, түүнчлэн газрын ховор материалын баялагтай, байгалийн нөөцтэй гэдгээ үргэлж чангаар зарласаар ирсэн юм.
Ингээд эхний 10 жилийн дотор буюу 1963 он хүртэл Пхеньян дэлхийн 65 улстай дипломат харилцаа тогтоож амжээ. Баруун Европын орнууд дотроос БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс нь Шведийн вант улс болсон юм.
Хойд Солонгосын амлалт дээрх Шведийн хөрөнгө оруулалт
Хойд Солонгос улс ашигт малтмалаа их хэмжээгээр олборлож, их ашиг олно гэж тооцоолж байв. “Залуу коммунист улс”-ын эдийн засагчид мега ашгаар мөрий тавьж байлаа. Юуны түрүүнд дэлхийн зах зээл дээр газрын цөмөөсөө олборлосон цайр, зэсийг худалдаална гэж байлаа. Үнэхээр ч цаасан дээр бүх зүйл өөдрөг харагдаж байсан юм.
Зураг. Volvo концерны төв байр. Гетеборг, Швед / Эх сурвалж: naked-science.ru
Тухайн жилүүдэд Шведийн бизнес шинэ, эзэмшиж амжаагүй зах зээлийн эрэлд гараад байсан аж. Ингээд БНАСАУ ч ирээдүйн хөрөнгө оруулалтад нь тун ашигтай, сонирхол татахуйц түнш байж таарчээ. Пхеньянтай Шведийн хэд хэдэн том фирм, концерн шууд л гэрээ байгуулагдхав. Үүний ачаар БНАСАУ-ын эдийн засагт олон саяын хөрөнгө оруулалтын доллар урсан орж ирэх нь тэр.
Volvo мянган машин
Хойд Солонгосын эдийн засагт хөрөнгө оруулалт хийсэн Шведийн компаниудын тоонд Скандинавын авто аварга Aktiebolaget (ХК) Volvo ч багтжээ. Концерны удирдлага болон БНАСАУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу 1974 онд Шведээс Хойд Солонгос руу эхний ээлжийн суудлын автомашинуудаа илгээжээ. Энэ нь Volvo 144 загварын 1000 машин юм
Volvo 144. 1974 оны загвар / Эх сурвалж: news.drom.ru
Автомашины төлбөрийг Хойд Солонгос улс цайр, зэсээ зараад олсон мөнгөөрөө хийх ёстой байв. Гэвч БНАСАУ-ын эдийн засагчдын эдгээр материалын нөөцтэй холбоотой таамаг, олборлолтын хэмжээ бодит байдал дээр огт өөр байж таарчээ.
«Америкийн утсан хүүхэлдэйнүүдэд мөнгө төлөхгүй »
Коммунист орны улсын төсөвт Volvo концернд аль хэдийн нийлүүлэгдсэн автомашиных нь төлбөрийг төлөх мөнгө байсангүй. Энэ үед БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Чен Уны өвөө Ким Ир Сен “барууны хараагдсан империалистууд”-ад өрөө төлөхгүй байхаар шийджээ.
Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ир нар Пхеньяны цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн үеэр / Эх сурвалж: crop.kaleva.fi
Ингээд Шведийн авто аваргатай хийсэн бүх гэрээ хэлэлцээрээ нэг талдаа цуцалсан аж. Хойд Солонгосын төр засаг Volvo-д ямар ч өр төлбөргүй гэж байв. Авто концерноос гадна БНАСАУ-ын эдийн засагт хөрөнгө оруулалт хийсэн Шведийн бусад үйлдвэр, хөрөнгө оруулагчид ч мөнгөгүй хоцорчээ.
Тэдний дунд Alfa Laval хэмээх үйлдвэрлэлийн явцын үр дүнг сайжруулах технологи, тоног төхөөрөмж бүтээдэг компани, ASEA хэмээх Шведийн эрчим хүчний томоохон компани, түүнчлэн цахилгаан техник, цахилгаан машин (цахилгаан галт тэрэг, трамвай) үйлдвэрлэдэг компани, Atlas Copco зэрэг багтжээ. Сүүлийнх нь компани бол инновацийн компрессор, вакуум төхөөрөмж, насос, генератор, угсралт, цахилгаан тоног төхөөрөмжийн систем үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч аж.
«Өртэй хүнээ би өршөөж байна»
Шведийн компаниудын хажуугаар БНАСАУ-д дэлхийн бусад улсын олон фирм мөнгө “хаясан” гэдэг. Эцэст нь Пхеньян хөрөнгө оруулалтад ирээдүйтэй түншээс аажмаар эдийн засгийн шимэгч улсад шилжиж, социалист ах дүү орнуудын буцалтгүй тусламжаар аж төрдөг болжээ.
Пхеньяны парад / Эх сурвалж: dw.com
Пхеньян ямар ч ичих булчирхайгүйгээр Куба, Хятад, Монгол, Вьетнам, мэдээж их ах ЗСБНХУ-аасаа бэлэг авсаар л байлаа. ЗХУ задарсны дараа БНАСАУ-аас тус улсад өгөх өр төлбөр автоматаар эрх хүлээн авагч ОХУ-д шилжсэн байна. 2012 онд Орос Хойд Солонгосын өр төлбөрийн 90%-ийг буюу 11 тэрбум ам.долларын өрийг цайруулсан байдаг.
Харин барууныхан хэрхэв?
БНАСАУ Шведийн компанид ил цагаан “голорсноос” хойш 47 жил болжээ. Хойд Солонгосын зөвхөн Volvo авто концернд төлөх өр хүү төлбөртэйгөө нийлээд өссөөр, 300 сая евро болсон аж. Шведүүд Пхеньянд өрийг нь үе үе сануулдаг ч Хойд Солонгосын тал өгөх шинжгүй байдаг юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон түүний хүрээллийнхэн / Эх сурвалж: bbc.com
БНАСАУ-ын хувьд энэ асуудлаар өөрсдийн гэсэн, хатуу, коммунист тайлбар бий. 2008 онд л Хойд Солонгосын төрийн радиогоор Шведийн Вант улсыг “Америкийн утсан хүүхэлдэй” хэмээн нийтэд мэдэгдээд, коммунист ардын бүгд найрамдах улсын хараагдсан дайсан гэжээ. Харин Пхеньян «дайснуудтайгаа» ямар ч яриа хэлэлцээ хийдэггүй гэжээ.
Капиталист такси
Тэгсэн ч гэсэн Шведийн тал БНАСАУ-ыг «ухаалаг, шударга» байж, олон тэрбумын өрөө эргүүлэн авна гэж найдаж байна. Шведүүд энэ тухайгаа Пхеньянд байнга сануулж, Пхеньян ч чимээгүй байсаар өр нь улам л өссөөр байна.
БНАСАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Чхве Сон Хи 2019 оны нэгдүгээр сард Стокгольмд олон улсын шинжээчдийн түвшинд хэлэлцээрт оролцсон боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. /Эх сурвалж: planeta.press
Гэтэл Volvo 144 загварын суудлын машиныг БНАСАУ-д 2021 онд ч ашигласаар байна. Пхеньяны жуулчдын гэрэл зургууд дээр (БНАСАУ-д тодорхой газруудад л зураг авахыг зөвшөөрдөг) одоо ч гэсэн 1974 оны автомашин харагддаг аж. Volvo автомашин Хойд Солонгосын нийслэлд таксигаар явдаг байна.
Volvo 144 суудлын тэрэг одоо болтол Пхеньянд таксинд явдаг / Эх сурвалж: vzglyad.az
БНАСАУ өдгөө бараг бүрэн тусгаарлалтын байдалд аж төрж буй. Энэ улс хүнсний хурц хомсдолд орсон хэдий ч удирдагч Ким Чен Ун нь бусад улс орноос хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзсаар байгаа юм. Тэр ч байтугай ах дүү коммунист Хятадаасаа хүртэл тусламж хүртэхээ больжээ. Үүгээрээ энэ улс ард түмнээ өлсгөлөнд нэрвүүлэхээр шийдсэн бололтой.
Эх сурвалж: Кulturologia