Австралийн хориг болон Монголын экспортын тасалдлаас шалтгаалж БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний хатуу эрэлт бий болж, ирэх зургаан сарын турш үнэ өсөх хандлагатай байгаа талаар “South China Morning Post” мэдээллээ. Түүнчлэн, Хятадын дотоодын нүүрсний салбарын хяналт чангарч, олборлолтын хэмжээ буурсан нь эрэлт өсөхөд нөлөөлсөн бас нэг гол хүчин зүйл болжээ.
Тухайлбал, Хятадын зах зээлд коксжих нүүрсний ханш өнгөрөгч наймдугаар сараас хойш 45 хувиар өсөж, тонн тутамд 620 ам.долларт хүрсэн байна. Улмаар түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж Хятадын ган үйлдвэрлэл сүүлийн хоёр сарын турш буурсан үзүүлэлттэй гарчээ.
Хятадын ган үйлдвэрлэгчид ихэвчлэн жил бүрийн аравдугаар сараас түүхий эдийн нөөц бүрдүүлэлтээ хийдэг. Харин энэ онд коксжих нүүрсний үнэ өндөр байгаагаас шалтгаалж ган үйлдвэрлэгчид нөөцөө эрт бүрдүүлж эхлэх хандлага ажиглагдаж байгаа аж.
Мөн БНХАУ-ын эрх баригчид Гуандун, Юннан, Жянси болон Хунань мужуудад нүүрсний олборлолтын хязгаарлалт тогтоосноор өнгөрөгч тавдугаар сараас хойш тус улсын зах зээлд эрчим хүчний нүүрсний ханш тасралтгүй өссөөр байгаа юм. Улмаар өнгөрөгч долоо хоногт Хятадын зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ рекорд ханш тогтоосон байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулалтын “Cinda Securities” сангийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Ли Ронг энэ талаар “Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ жилд гурван тэрбум орчим тонн байдаг. Үүний 2.7 тэрбум тонныг дотоодоос, үлдсэн хэсгийг импортоор хангадаг. Гэвч энэ онд Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 10 орчим хувиар өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээ нэмэгдсэн тохиолдолд Хятад улс эрэлтээ хангахын тулд дахиад 300 сая тонн орчим эрчим хүчний нүүрсийг импортоор авах шаардлага үүснэ” гэсэн юм.
Тэгвэл БНХАУ-ын эрх баригчид эрчим хүч болон ган үйлдвэрлэлийн салбарт бий болсон түүхий эдийн хатуу эрэлтийг хангах зорилгоор дотоодын нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний хүрээнд Хятадын нүүрс олборлолтын хамгийн том бүс нутаг болох ӨМӨЗО дахь нүүрсний ил уурхайнуудын олборлолтыг нэмэгдүүлж, нэмж уурхай байгуулах лиценз, зөвшөөрөл олгох ажлыг түргэсгэх чиглэл өгчээ. ӨМӨЗО-д өнгөрөгч наймдугаар сарын сүүлээс 36 нүүрсний ил уурхай олборлолтын зөвшөөрлөө шинэчилсэн байна. Ингэснээр Өвөр Монголын нүүрс олборлолтын хүчин чадал 7 сая гаруй тонноор нэмэгдэх тооцоог хийжээ.
Харин БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тайланд дурдсанаар зөвхөн энэ онд баталсан нүүрсний шинэ төслүүд нь Хятадын дотоодын нүүрсний олборлолтын хэмжээг дунджаар 250 сая тонноор нэмэгдүүлэх аж. Гэвч шинэ төслүүд ирэх 2-3 жилийн дараагаас эхний олборлолтоо хийж эхэлнэ.
Энэ нь Монгол Улсын нүүрсний экспортын өрсөлдөөн Хятадын зах зээлд улам хүнд байдалд орох, шахагдах болгоомжлолыг төрүүлж байгаа юм. Австралийн хоригийн дараа бий болсон Хятадын нүүрсний зэх зээлийн сул орон зайд Монгол Улс найдвартай ханган нийлүүлэгч байж чадахгүйг нэгэнт харуулсан. Улмаар Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлд ОХУ, Канад болон АНУ байр сууриа бага багаар ахиулсаар байна.
Эх сурвалж: SCMP, SXCoal, Coalhub