Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өчигдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг Насан туршийн боловсролын төвийг барьсан бөгөөд тус төвд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид суралцах юм байна.
Мөн албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр ёс суртахууны төлөвшил, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, англи хэл, компьютерын анхан, дунд шатны сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг насан туршдаа суралцахуйд чиглэсэн үйл ажиллагааг явуулж, багш нарыг хөгжүүлэх сургалтын цогцолбор төв болон хөгжих аж.
Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай уулзсан байна.
Анх 2010 онд “Гэгээрэл хөгжлийн төв” нэртэйгээр сургууль завсардсан хүүхэд залууст бага, суурь боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгож эхэлсэн уг төв өдгөө “Албан бус насан туршийн боловсролын төв” болон өргөжиж, хүний хөгжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болсон тул салбарын яамнаас бодлогоор дэмжин, тойргоос сонгогдсон гишүүдийн хүсэлтийн дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгөхөө БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр онцоллоо.
Багануур дүүрэг нь боловсролын чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд тогтмол улсын дунджаас дээгүүр орж байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгалийн ухааны хичээлүүдийн ЭЕШ-ын дүнгээр улсад дөрөвдүгээрт жагсжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 93 хувьтай, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай болсон зэрэг амжилт, хөгжлийн үзүүлэлт нь улс, нийслэл, дүүргийн төсөв дээр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэнтэй холбоотойг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлж байв.
“Монгол Улсын Засгийн газар 2021-2022 оны хичээлийн жилийг танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд Та бүхний өмнө цөөнгүй саад бэрхшээл тулгарах нь мэдээж. Цар тахлын эрсдэлээс хүүхэд багачуудаа хамгаалахын зэрэгцээ эх орны ирээдүй болсон тэднийгээ сурган хүмүүжүүлэх, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, анги танхимд нь хөгжүүлэх гэсэн давхар давхар үүрэг хариуцлага Та бүхний өмнө тулгараад байна. Иймд хүүхдүүдтэйгээ, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж, сорилт бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах учиртай” хэмээн Шадар сайд С.Амарсайхан боловсролын салбарынханд хандан хэллээ.
Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлах бөгөөд уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэл оруулах талаар болон өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хийгээд багшийн заах арга зүй, сурлагын чанарын үнэлгээний системд гарч буй өөрчлөлтийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулж, боловсролын салбар дахь үр дүнд суурилсан тогтолцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.