ЭМЯ коронавирусын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт COVID-19 халдварын тархалт нэмэгдэж, улсын хэмжээнд 3,726 тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний 2810 нь буюу 75.4 хувь нь орон нутагт илэрсэн байна.
Хоногт шинээр илрэх халдварын тоо өнгөрсөн хугацааны хамгийн дээд үзүүлэлт болж байна. Хөдөө орон нутагт халдварын тархалт эрс нэмэгдсэн бөгөөд аймгуудыг халдварын тоогоор Ховд, Баянхонгор аймаг тэргүүлж байна. Тус аймгуудад 24 цагт хамгийн олон буюу 400-448 хүн шинээр халдвар авчээ.
Халдвар тархалт өндөр байгаа аймгууд:
-Баян-Өлгий аймагт 113,
-Архангайд 105,
-Булганд 129,
-Говь-Алтайд 105,
-Дорнод аймагт 279,
-Дархан-Уулд 220,
-Завханд 112,
-Өвөрхангайд 200,
-Увсад 154 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 87.662 боллоо.
Коронавируст халдварын тархалт есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй гэсэн тооцооллыг мэргэжлийнхэн танилцуулсан байгаа. Гэвч халдварын тоо таамаглаж байсан хугацаанаас өмнө өсөн нэмэгдэж зургаадугаар сарын оргил үеийн түвшинг давжээ. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн энэ үед хичээлийн шинэ жил эхэлсэн тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг уриалж байна.